Ч.Мишээл: Тэмцээнд уртын дуу дуулахад үзэгчид гайхширч байгаа нь анзаарагддаг

693f94eb5545e

 Казахстан Улсад болсон олон улсын “Silk Way Star” уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн дуучин Ч.Мишээл өнөөдөр хэвлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов оролцож Ч.Мишээлийн ялалт зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй, манай хоёр орны эв найрамдал, соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Энэ үеэр Дуучин Ч.Мишээл ярихдаа, “Уралдааны эхний шатанд “Бундан улаан” дуугаа дуулсан. Уг дуунд уртын дууны элемент орсон байдаг. Тэмцээний үеэр уртын дуу дуулж эхлэх үед үзэгчдийн гайхширсан харцтай тулгарсан. Зарим оролцогчид надад заагаад өгөөч, би ингэж дуулж чадах болов уу? хэмээн асуудаг байсан. “Silk Way Star” уралдаанд эх орноосоо оролцсон нь хариуцлагатай, нэр хүндийн хэрэг юм. Энэ шагналыг хүртэхэд шүүгчдээс гадна дэлхий даяар оршин сууж байгаа монголчууд болон казахстаны ард түмэн өөрсдийн ахан дүүс гэж боддог шигээ намайг хайрлаж, маш их дэмжсэн. Тэмцээнд оролцоход МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгч урмын үг хайрлаж, дэмжиж, “Тэмцээнд оролцож байгаа нь хангалттай том амжилт учраас өөрийгөө харуулаарай” гэх зэргээр хэлсэн нь миний сэтгэл зүйг маш тогтвортой байхад нөлөөлсөн. Тайзан дээр гарахдаа монголчууд минь үзэж байгаа учраас би хичээх ёстой гэж бодсон. Бид цөөхүүлээ ч хүчтэй юм байна гэдгийг тэгэхэд би мэдэрсэн. Бие биенээ дэмжиж чаддаг халуун дулаан ард түмэн юм байна гэдгийг бусад улс орон харсан. Тэмцээнд ээжтэйгээ болон маш хүчтэй баг хамт явсан. Намайг казахстаны ард түмэн маш их дэмжсэн учраас казах хэлээр шинэ дуу гаргасан, удахгүй хүргэнэ” гэв.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Монгол Улсын Төв Азийн орнууд руу чиглэсэн бодлого сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Соёлын дипломат харилцаа ард иргэдийн хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам юм. Иймээс “Silk Way Star” уралдаанаар Монголын соёл урлагийг Казахстан Улсад, Төв Ази бүсэд нутгийн хэмжээнд таниулахад чухал алхам болсон” гэв.

Энэ үеэр тус уралдаанд шүүгчээр оролцсон МУГЖ, дуучин Б.Сарантуяа “Надад шүүгч хийх хэцүү байсан. Нийгмийн сүлжээнд өөрийн улсын дуучинд яагаад оноо өгөхгүй байна хэмээн сэтгэгдэл ирсэн.“Silk Way Star” уралдааны зохион байгуулагчдад монголоос дөрвөн дуучныг санал болгосноос Ч.Мишээлийг сонгосон. Би 1993 онд Азийн дуу хоолой олон улсын наадмын ялагч болсноос хойш 32 жилийн дараа дахин амжилт давтагдлаа” гэв.

Дуучин Ч.Мишээл  “Уртын дууны мэргэжил”-ээр  МУГЖ С.Цогтсайхан багшийн удирдлага дор төгсжээ. Түүнийг Казахстаны Засгийн газраас “Найрамдлын II зэргийн одон”-оор шагнасан. Энэхүү шагнал Монгол, Казахстан хоёр ард түмний нөхөрлөл, соёлын гүүрийг улам батжуулахын бэлгэдэл юм.

About Author