Л.Дэлгэрзул: Агаарын бохирдол уушгины хавдар 50 хувиар нэмэгдэхэд, зүрх хаагдахад ч нөлөөлж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад гадаад, дотоод орчны бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн судалгааг өнгөрсөн жил танилцуулсан. Тэгвэл хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, төрийн явуулж буй бодлого хэр зүйтэй, иргэд юунд анхаарах талаар ярилцлаа.
-Агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай улсад жил бүр арваннэгдүгээр сараас эхлээд агаарын бохирдол тогтмол ихэсдэг. Энэ жаягийнхаа дагуу одоо ихсэж байна. Сүүлийн 10 жилд уушгины хавдар 50 хувиар нэмэгдсэн. Агаарын бохирдол хамгийн түрүүнд амьсгалын замын өвчлөлд нөлөөлдөг. Үүний том жишээ томуу, томуугийн хүндрэл. Түүнчлэн, өсвөр болон нөхөн үржихүйн насныхан жирэмслэлээ гэж бодоход амьгүй төрөх, өсөлт зогсох, ураг өөрөө зулбахад нөлөөлж байна гэдэг нь судалгаагаар батлагдсан. Ургийн болон хромосомын гажиг өвлийн улиралд нэмэгдэж байна. Мөн гэнэт зүрх нь хаагдчихлаа эсвэл тархинд цус харвах зэргийг агаарын бохирдол хүндрүүлэх шалтгаан болдог. Хэрэв төрсөн цагаасаа эхлээд байнга агаарын бохирдолтой орчинд байсан бол уушгины хөгжил нь дутуу явагдаад 20, 30, 40, 50 настайдаа бусад төрлийн өвчлөлд өртөх эрсдэл нэмэгдэнэ.
-Сайжруулсан түлш үнэхээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх үү?
-Сайжруулсан зуух, түлш дотоод болон гадаад орчинд агаарын бохирдлыг ялгаатай үүсгэдэг. Учир нь гал түлэхэд эхний 10 минутад буюу хүйтэн зууханд гал асах үйл явц хамгийн их тортог, угаарын хий ялгаруулдаг. Хагас коксжсон түлшинд анхааруулж хэлмээр байгаа зүйл гэвэл энэхүү түлш нь асаад, ноцоод, шаталт явагдтал бусад түлшийг бодвол илүү их цаг хугацаа, энерги зарцуулдаг. Намайг 2023 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн, ТББ-ыг төлөөлж байхад хагас коксыг танилцуулж байсан. Ингэхдээ хагас кокс түлшийг асаадаг асаагуурыг санал болгосон. Тодруулбал, маш их цаасыг дарж хийсэн Германд үйлдвэрлэсэн, Монголын хуш модны самрын хальсыг шахсан, цахилгаанаар буюу ус буцалдаг зүйлийг цахилгаанд залгаад хагас кокс түлшийг цогшоод бүтэн шаталт явагдах хүртэл нь асаадаг зэрэг асаагуур байсан. Энэ гурван төрлийн асаагуураас иргэд өөрсдийн сонголтоор сонгож хагас кокс түлштэй хэрэглэнэ гэж 2023 онд Үндэсний хорооны гишүүдэд танилцуулж байсан. Гэтэл одоо асаагуураа өгөхгүй байгааг нь гайхаж байна. Асаагуур байхгүй байснаар гарах хүндрэл нь дотоод орчны агаарын бохирдол муудна гэсэн үг.
-Дотоод орчны агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй ярихгүй юү?
-Монголд нийт өдрийнхөө 80-90 хувийг дотоод орчинд, 10-20 хувийг гадаад орчинд өнгөрүүлдэг. Иймд дотоод орчны агаарын чанар муу байвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, бага насны хүүхэд ханиад, томуу туссан байхад хүндрэх болон нас барахад дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлдөг. 0-5 настай хүүхдийн хатгаа өвчний нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын чанараас болдог. Мөн зүрх судасны, тархинд цус харвах өвчин зэрэгт дотоод орчны агаарын бохирдол шууд нөлөөлдөг.
-Дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Дотоод орчны агаарын чанарын стандартыг батлуулах гээд одоог хүртэл явж байна. Энэ нь олон нийтийн газар, барилга, байгууламжууд агааржуулалтаа сайн хийж байж дотор нь байгаа хүүхдүүдийг удаан хугацаагаар эрүүл агаараар амьсгалуулах зорилготой. Гэтэл дотоод орчны агаарын чанар батлагдахгүй 4 жил болж байна. Дэгдэмхий органик нэгдлүүд буюу бидний ахуйн хэрэглээний будгаас ялгардаг дрож, шохой, наалддаг цавуу, тавилгад агуулагддаг бохирдлуудыг дотоод орчны агаарын чанарын стандартад оруулах санал өгсөн. Яагаад гэвэл зарим төрлийн органик нэгдэл цусны хорт хавдар үүсгэдэг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Үүнийг стандарт хэмжээнд барьснаар эрсдэлийг бууруулдаг.
Гаднын орнуудын агаарын чанарын стандарт үзвэр үйлчилгээ, метро, нийтийн тээвэр, анги танхим нь ялгаатай байдаг. Монголд ядаж эхний ээлжид дотоод орчны агаарын чанарын стандартыг батлуулбал түүнийхээ дараа төрөлжүүлэх боломжтой.
-Сүүлийн 10 гаруй жил утааны талаар ярьж, бодлого хэрэгжүүллээ. Судлаач хүний үүднээс харахад алдаа, оноо юу байна вэ?
-Ямар ч төрийн шийдвэр гарсан ард иргэдийнхээ амьдралтай заавал уях ёстой. Жишээлбэл, сайжруулсан зууханд нүүрсээ доороо хийгээд мод, цаасаа дээр нь хийж түлэх ёстой. Гэтэл хүмүүс уламжлалт аргаар түлэхээр зуухных нь ашигт үйлийн кофцент нь буурсан. Тодруулбал, лабораторийн түвшинд 70-80 хувьтай бууруулж байсан бол иргэнд очихоор 30 хувьтай бохирдлыг бууруулсан. Иймд ард иргэдийнхээ амьдралын хэв маяг зан үйлтэй холбож байж шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ амьдралын хэв маягтай нь холбож тайлбарлаж, уриалж ухуулбал илүү үр дүнтэй. Тэгэхгүй бол угаартах эрсдэл нэмэгдэнэ.
-Дотоод орчны агаарын бохирдлыг багасгахын тулд иргэдэд зөвлөмж өгөхгүй юү. Агаар цэвэршүүлэгчээ хэрхэн зөв сонгох вэ?
-Гадаа агаарын бохирдол их байгаа учраас нэгдүгээрт хүмүүс дотоод орчны бохирдлоо маш сайн хэмжиж байх, багасгах арга хэмжээг өөрсдөө авах хэрэгтэй. Монголд хамгийн түгээмэл байдаг нь цонхоо онгойлгоод агааржуулалт оруулах юм. Гэтэл гадаа агаарын бохирдол их байвал цонхоо онгойлгож болохгүй. Тийм учраас агаар цэвэршүүлэгчийг зөвлөдөг. Утаа ихтэй өвлийн улиралд 24 цагаар асаана гэж үзээд:
- Цахилгаан бага иддэг
- Чимээгүй
- Агаарын бохирдол шүүгч нь хямдхан, ойр ойрхон солих боломжтой байвал сонгох нь зүйтэй. Гадна хайрцаг нь ямар үнэтэй байгаа нь чухал биш. Дотор байгаа нь фильтер нь хамгийн сайн чанарын, олдоц сайтай байх хэрэгтэй. Мөн метр квадрат заасан байдаг. Монголчууд тавилга шиг хананд нааж агааржуулагчаа тавьдаг. Агаар цэвэршүүлэгч агаарыг бүтэн урсгалд оруулж байх ёстой. Хэрвээ та хананд тавьдаг агааржуулагчаа асаасан ч ямар ч нэмэргүй.
-Судлаач хүний хувьд агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл таныхаар юу вэ. Утаа угаасаа их байх үед иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Зуухгүй болох буюу утаа гаргахгүйгээр цахилгаанаар, газаар, газрын гүний дулаан, нарны эрчим хүч зэргээр дулаанаа шийдэх юм. Нүүрс түлдэггүй болох нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв арга зам. Бидний хөрш БНХАУ 2008 онд маш их агаарын бохирдолтой байсан. Гэтэл 90 хувиар буулгаж чадлаа гээд зарласан шүү дээ. Тэгэхээр бидэнд утааг буулгах боломж, бололцоо бий.
Иргэд аль болох гадагшаа гарах хөдөлгөөнөө аль болох багасгах хэрэгтэй. Зайлшгүй гарах тохиолдолд N95 маск зүүх хэрэгтэй. Боломжтой бол амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарахыг зөвлөж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй аав, ээжүүд үүнд анхаарах нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.