УИХ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 66 ГИШҮҮН ДЭМЖИЖ, БАТЛАГДЛАА
15 : 53
2023-5-31
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ПАРЛАМЕНТ ШИНЭ 30 ЖИЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ РЕФОРМЫГ ХИЙЛЭЭ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, дараах асуултыг тавив.
УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:
-Намар сонгууль болно гэсэн яриа их явж, зарим улстөрчийг идэвхтэй болгосон. “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа, УИХ 126 гишүүнтэй боллоо, одоогийн 76 юу хийж байгаа юм бэ , намар сонгууль явуулъя” гээд хэсэг хүн гараад ирэх вий. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрх дараагийн шинэ парламент байгуулагдтал хүчин төгөлдөр байна гэсэн баталгааг энэ журамд тодорхой заасан зүйл байна уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болно гэж заасан.
Дээрх хариулт өгсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг Байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мдэлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна.
УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Урьд нь олон удаа яригдсан, шийдэгдэхийн өмнө чадалгүй яриа болж үлдэж байсан. Парламентын бүрэн эрхийн хугацаанд хийсэн түүхэн рефрорм энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. Ардчилсан нам манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье.
Нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн реформ хийгдлээ. Жендерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Нийгмийн сегмент рүү хандсан гадаад дахь монголчууд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжин, баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
15 : 08
2023-5-31
УИХ НЭГ ТАНХИМТАЙ, 126 ГИШҮҮНТЭЙ БАЙХ САНАЛ БАТЛАГДЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж дууссаны дараа дараах саналаар санал хураалаа.
Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тариа хийлгэж явах хойгуур санал хураасан, мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд дэмжсэн санал өгсөн ч эсрэг гарсан тул протколд энэ талаар тусгуулан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг гишүүдийн 97 хувь нь дэмжсэнээр батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
Мөн тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Тус өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна. Ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм” гэсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
14 : 49
2023-5-31
“126 ГИШҮҮНТЭЙ БОЛБОЛ ПАРЛАМЕНТЫН ОРДНЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДЭЖ ТААРНА”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гишүүд саналаа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:
-Иргэд сонгогчидтой уулзахад “Гишүүдийн тоог 152-оос буулгасан нь сайн байна, гэхдээ 126 ч их байна. УИХ –ыг 76 гишүүнтэй байлгаж болдоггүй юм уу” гэдэг асуудлыг хороо бүрт ярьж байна. Хэрвээ 126-г багасгана гэвэл тойргоос сонгогдох 76 –г буулгахгүй, пропорцианиалаас сонгогдох гишүүдийнхээ тоог бууруулаарай гэж захиж байна.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Хулгай чинь зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс л эхэлсэн байна шүү дээ. Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, төрийн өмч рүү гар дүрэх, эзэнгүйдүүлэх, хийж чаддаг байсан ажлаа чадахгүй болсон. Арьс ширээ боловсруулдаг байсан, чадахаа больсон. Ард иргэдээ хоол хүнсээр хангадаг байсан, больсон. 33 жилийн хугацааны хулгай луйвраас салъя, улс төрд хулгай луйврыг байхгүй болгоё. Цоорхойг бүх талаар нь хаая гэдэг үүднээс өнөөдрийн энэ ажил хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. УИХ-ын гишүүдийн тоог 126-гоор батлах юм шиг байна. Чуулганы танхимаа яах вэ. Багтаж шингэх газар юу юм, бодож төлөвлөсөн зүйл байна уу. Одоогийн энэ парламентын танхимд 76-уулаа чүү чай багтаж байна, 50-иар нэмэгдэхээр сандал ширээнээс эхлээд нэмэх хэрэгтэй болно.
Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталбал УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдах ёстой. Сонгогчид маань “намын жагсаалтаар сонгогдсон хүнийг Засгийн газрын гишүүнээр сонгодоггүй байх, гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг болмоор байна. Хариуцлагагүй байдал газар авсан. Хэлсэндээ хариуцлага хүлээдэг болмоор байна. УИХ-ын гишүүний үг үнэн байх ёстой. Давхар дээл үр дүнгүй байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг хуулиар хамгаалсныг болиочоо ээ “гэдэг асуудлыг хэлж байгаа.
Жирийн иргэн зээлээ нэг өдрөөр хоцроовол дансыг нь хаадаг. Хэдэн мянган доллараар хүүхдээ сургасныг тэглүүлж байгааг ард түмэн жигшиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр цэвэр, хэл аманд орооцолдоогүй хүмүүсийг жагсаалтад оруулдаг байх, нийгмийн төлөөллийг оруулна гэж ард иргэдэд тайлбарлаж байгаа. Хуулийн өөрчлөлтийн үр дүн жилийн дараа гарах байх. Хэрвээ бахь байдгаараа байх юм бол гишүүдийн тоог нэмсний хэрэг гарахгүй. Энэ асуултыг олон удаа тавьсан ч тоймтой хариулт сонссонгүй.
УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээж байна уу. Ухамсартайгаар уучлал гуйж байгаа улстөрчийг харсангүй, хуулийн хэрэгжилт ийм л байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Н.ЭНХБОЛД:
-Яг одоо гишүүдийн тоо нэмэгдчихвэл ширээ сандлаа ингэж зохицуулна гэж хөдөлмөрийн орчинтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хурлаар яриагүй. Хэрэв энэ өөрчлөлт батлагдвал тэр асуудал яригдаж таарна. Засгийн газар арга хэмжээ авч ажиллах нь ойлгомжтой. Нарийн тооцоо хийсэн юм байхгүй.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Монгол Улс баян хоосны ялгаагаараа дэлхийг дэлдийлгэж байна. Нийт баялгийн 90 хувь хүн амын дөрвөн хувьд ногдож байна. Эдийн засгийн дүрвэлт хөдөлмөр эрхлэхээр гадаад руу явж байна. Баялгаараа Монгол Улс дэлхийд аравт ордог хэрнээ ядуурлаараа хамгийн сүүлд ордог.
Хөгжил яагаад гацав гэхээр хүндээ л байна. Хоёр хөрш Монгол Улстай маш сайн харилцаатай. Урд хөрш рүү бүх баялгаа гаргаж байгаа. Монголчууд бидний хөгжлийн бодлого төлөвлөлт буруу байна. Монгол хүн улсаа хөгжүүлсэнгүй. 1.6 жилийн настай Засагтай. Төрөөрөө айл гэр болж тоглодог. Улс төрийн тогтолцоо, хүнтэй холбоотой юмаа сайн хийх ёстой. Хүн л хулгай хийгээд байна. Төр муу менежер гэдэг, сайн хүн томилох юм бол төр сайн менежер байж чадна. Хулгай хийдэг хүн тавьчихаад төр муу менежер гээд яриад сууж байна.
Улс төрийн шинэчлэл хийхээр оролдож байна гэж ойлгож байгаа. Улс төрийн шинэчлэлийг эдийн засгийн шинэчлэлийг давхар хийх ёстой. Төрийн бодлого яагаад чөтгөрийн тойрогт орчих вэ. УИХ-ын гишүүдийн тоог 126 болоод нэг их сайн сайхан болчихгүй, алдаанаасаа зөв сургамж авах ёстой. XXI зуунд 3.4 сая хүн амтай, геополитикийн хувьд асар сайн байршилтай хэрнээ ийм ядуу байгаад байж болохгүй. 2000 оноос хойш харахад энэ дээр тогтож ярьдаггүй. Гол асуудал руугаа орох нь зүйтэй. УИХ76 гишүүнтэй байгаад хөгжлийн хоцрогдолд ороогүй, төрийн бодлого буруу, хүнтэйгээ ажиллаагүйгээс Монгол Улс хоцрогдсон.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Цагаан захтнуудын үйлдсэн авлига, хээл хахууль, хулгай худалтай холбоотой ялын бодлогыг чангалсан хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиар Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ -ын гишүүн, агентлагийн дарга
13 : 36
2023-5-31
Ц.ТУВААН: ЖАГСААЛТАД ХУЛГАЙЧ НАРЫГ ОРУУЛБАЛ БИТГИЙ СОНГО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гишүүд саналаа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Нэг л зүйлийг иргэд сонгогчид хэлж байгаа. Саяхан ирээд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хийлээ, найман жил гар хүрэхээргүй болсон гэдэг зүйл яриад байгаагүй билүү. Дан дээл, давхар дээлийн асуудал яриад өмнө байсан алдаа завхрал арилна гээд ярьсан атлаа одоо яагаад гишүүдийн тоог 152 болгохоор оруулаад ирэв. Үндсэн хуулиараа ойр ойрхон оролдож байгаад Үндсэн хуулийн хямрал руу явах вий гэдгийг болгоомжлуулж байгаа.
УИХ яагаад заавал 152, 126 гишүүнтэй болох шаардлага байгаа юм бэ?. Сонгуулийн тогтолцоо холимог болсноор тойргоос болон жагсаалтаар сонгогдох нь. Жагсаалтынхаа эхэнд малчин, тариаланч, эрдэмтэн мэргэд, инженер техникийн төлөөлөл, гадаад дахь Монгол иргэдийнхээ төлөөллийг жагсааж, ард нь улстөрчидөө бичээрэй гэж хэлсэн шүү. Нам дугуйлахгүй шүү. Намын нэрийн ард улсаа тоносон хүмүүс ичихгүй ороод ирдэг. Тийм учраас нам дугуйлахгүй, хүн дугуйлахад анхаараарай гэж хэлсэн.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Үндсэн хуулиар дахиад оролдох уу үгүй юу гэдэг асуудал хаана ч сэдэв болж хэлэлцүүлгийн шатанд яригдаагүй. Тийм учраас Байнгын хорооны өмнөөс хариулт өгөх боломжгүй. Хувь хүний хувьд саналаа хэлэхэд ойрын хугацаанд Үндсэн хуулийг дахин өөрчлөх асуудал яригдахгүй байх. Энэ өөрчлөлтийг хийгээд авбал үр дүнг нь заавал харах ёстой. Ойр, ойрхон өөрчлөөд байх боломжгүй гэж харж байна.
Тогтолцооны өөрчлөлт ярихаар тоотой уялдаж таараад байгаа. 2008 оноос эхлээд УИХ дээр ажлын хэсэг гараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох нэмэлт өөрчлөлт хийсээр үлдсэн асуудал энэ байсан учраас өөрчлөөд авах нь зүйтэй гэж үзэн, Засгийн газар төсөл боловсруулж оруулж ирсэн. Энэ өөрчлөлт батлагдвал аль нэг улс төрийн хүчин хэт давамгай ялалт байгуулах боломж ховор байх болов уу. Нэг намын гэхээс илүү шинэ үеийнхний хүсэл эрмэлзлийг тусгасан төсөл боловсруулж оруулж ирсэн гэж ойлгож байна.
Намуудын хариуцлага дараагийн шатанд яригдана. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт батлагдвал түүнийг хэрэгжүүлэх гол баталгаа нь намуудын төлөвшил, хариуцлагын асуудал гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар бид ноднингоос хойш ард иргэдтэйгээ дөрвөн удаагийн уулзалт хийж, танилцууллаа. Эндээс харахад ард иргэдийн хувьд буруу зөрүү гээд байгаа юм алга. Ард түмний амдрал ядуураад, үнэ өсөөд байна. Түүнийгээ л гаргаж тавиад байна. Ардчилсан нам гишүүдийн тоог өсгөөд 126 болгосон юм шиг ярьж байна. Ардчилсан нам 50х40 харьцаан дээрээ байгаа. Тогтолцооны өөрчлөлт хийгдэнэ. Маш том өөрчлөлт хийгдэнэ, энэний ард дэвшлийг хүлээж байгаа. Хулгай хийхээ болиод системийн авлигаа задлаад нураагаад хаяхад болно. Нүүрсний түр хороо ажиллахад маш богино хугацаанд төсвийн орлого 1 их наядаар давж биелэлээ. Энэний үр дүнд 2023 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгөө бүгдэд ялгаваргүй өгч, цалин, тэтгэвэр нэмэхээр болоод сууж байна.
Сонгуулийн холимог тогтолцоог Ардчилсан нам анхнаасаа дэмжсээр ирсэн. Сонгогчийн санал гээгдэхгүй, хүн бүрийн санал тусч байх ёстой. Сонгуулийн энэ тогтолцоог намын удирдлага, Удирдах зөвлөл буруугаар ашиглаж болохгүй. Жагсаалтад мэргэжлийн хуульчдаа оруулж ир, тариаланч ногоочдын төлөөлөл, багш эмч нарын төлөөллөөс заавал нэг, нэгийг оруулж ир. Амлалтдаа хүрэхгүй, хулгайч нараа листэд оруулбал сонгогчид саналаа битгий өг. Ийм байдлаар ханд.
Ардчилсан нам хүүхдийн мөнгийг ялгавартай олгож болохгүй гэдгийг анхааруулсан. 91х9 гээд ялгаварласан. Орон гаран шийдвэр гаргаад байгаад чинь ард итгэд бухимдаж байгаа. Тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэтгэвэр нь бага байгаагаасаа ахмадууд бөөн бөөнөөрөө ядуурал руу орж байна, Тэтгэврийн индексийг 2011 оноос хойш ашиглаагүй. Удахгүй орж ирэх төсвийн тодотгол дээр хийгээрэй.
Төрийн албаныхны цалин тэгш бус байгааг өөрчил, шударга болго. Иргэдийн бухимдал ерөөсөө орлоготой нь л холбоотой байгаа шүү.
12 : 57
2023-5-31
Д.ГАНБАТ: СҮҮЛИЙН НЭГ ЖИЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ БАЙХГҮЙ БОЛСОН
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-Одоо бол бид нар түүхэн хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна. УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг дээдэлнэ гэж амлалт өгсөн. Хоёр удаа бид тойрогтоо ажиллалаа. Тойрогт ажиллах хугацаанд 11 удаагийн уулзалт хийлээ. Нийтдээ 900 гаруй хүнтэй уулзсан. Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй, намын жагсалтыг дэмжсэнгүй. Намын жагсаалтаар сонгогдох боломжгүй хүмүүс гарч ирэх шалтгаан болно гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжих боломжгүй байна. Иргэд, сонгогчдынхоо сонгох эрхэнд халдаж чадахгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нам бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн байж болохгүй” гэж заасан.
Үндсэн хуулиа хүндэтгэхгүй бол Монголын төр хямарна. Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин өөрийн ашиг сонирхолд нийцүүлж, Үндсэн хуулийг өөрчилдөг болно.
Би өөрийгөө бодвол дуугуй байгаад байж болно. Нэлээн бодлоо. Хэлсэн үгэндээ эзэн, өргөсөн нөхөрлөлдөө үнэнч байх ёстой. Намайг сонгосон олон түмэндээ хоёр нүүр гаргаж чадахгүй.
Биднийг цаг хугацаа шүүнэ, бүх юм хязгаартай. Тийм учраас түүхийн үнэнтэй бид нүүр тулна. Та нар улс орныхоо хувь заяаг өнөөдөр шийдэх гэж байна. Энэ УИХ сульдана, доройтно. Одоогийн парламент бол ард түмнийхээ үзэл бодлыг илэрхийлж чаддаг, цаашдаа парламент нэлээн сульдана. Төрийн дархлаа суларна л гэсэн үг. Өнөөдөр та бүхний мэргэн оюун ухаан шийдэг. Хөнгөхөн бодож шийдэх асуудал биш. улс орны олон түмний хувь заяаг багтаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай байна гэж заасан. Сүүлийн нэг жил парламентын засаглал байхгүй болсон. Тал нь Засгийн газарт ороод суучихсан. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих юм байхгүй өнөөдрийг хүртэл явлаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор хоёр удаа ард иргэдтэйгээ уулзаж, санал солилцлоо. Ард түмний амьдрал үнэхээр доройтсон байна. Хулгай зэлгий гэмт хэрэг, ханшийн өсөлт туйлдуулсан байна. Та бүхэнд ард түмэн найман жилийн хугацаанд 65, 62 суудал өгсөн. Гэтэл найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил энэ. Гурван хүний хоёр нь ядуу байна.
УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:
-Тэгш бус байдал авлига хээл хахууль тогтворгүй засаглалыг засахын төлөөх Засгийн газрын санаачлагыг тогтолцооны хувьд дэмжиж байгаа боловч ёс суртахуунтай төлөөллийг сонгох хүсэлтэй байгаагаа иргэд шаардаж байна. Холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч улсаа тоносон төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. итгэхгүй байна гэдгээ ч хэлсэн. УИХ-д суудалгүй намууд ч жагсаалтаа худалдах эрсдэл байгааг болгоомжлуулж байна. Ерөнхий сайд байсан бол иргэдийн ажил хэрэгч асуултыг асууя гэж бодсон юм. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулиас ихээхэн хамаарч Үндсэн хуулийн өөрчлөлт явагдана. Үзэл баримтлалыг нь амилуулах баталгааг иргэд нэхээд байна.
Монгол Улс 30 жилийн хугацаанд Засаглалтай байсан юм уу. Сайн Засаглалтай байсан бол хулгай луйвар гарах байсан уу. Засгийн газрын тусгай сангууд руу сүүлийн 20-30 жилд мэдээлэлд ойр, маш олон улсууд, танай манай нам гэхгүйгээр оролцсон байх юм.
12 : 00
2023-5-31
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.31/ нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ийг намын нэрсийн жагсаалтаар сонгохыг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа.