СБД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 28 ХҮНИЙ АМЬ НАС, 30.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2025 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Буяннэмэх, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Пүрэвдорж болон бие бүрэлдэхүүн нар оролцов.

Дүүргийн хэмжээнд энэ онд аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад 11.1 хувиар буурсан бөгөөд нийтдээ гал түймрийн 325 удаагийн дуудлага, мэдээллээр ажиллаж, гал түймрийн аюулаас 28 хүний амь насыг аварч, 30.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх иргэн, ахуйн нэгж байгууллагыг болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэл, дүүргийн төсвийн 730 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг албаны бэлтгэл, бэлэн байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зориуллаа. Нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг нийт 77 объект хийж, 42 мянга 763 иргэнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах мэдлэг, зөвлөмжийг түгээн ажилласан байна. Хурлын төгсгөлд энэ онд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажилласан шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулав.
