Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлын нээлтэд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, С.Мөнгөнчимэг, СДМОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, тус холбооны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс зочдоор оролцов.
Монгол Ардын намын дарга Н.Учрал үг хэлж, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд СДМОХ-ны дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулав. Тэрбээр СДМОХ-г удирдахаар нэрээ дэвшүүлсэн зургаан залууг бүгдийг нь дэмжин нэр дэвшүүлж буйгаа онцолсон юм.
Тэд бол:
- СДМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяр
- СДМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Оргил
- СДМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Болор
- СДМОХ-ны нарийн бичгийн дарга Н.Чинбилэгт
- Дархан-Уул аймгийн Дархан сумын СДМОХ-ны тэргүүн Б.Наранхүү
- СДМОХ-ны Бага хурлын гишүүн А.Ням-Од нар байв.
Дээрх нэр дэвшигчдийн талаар Монгол Ардын намын дарга Н.Учрал тодруулахдаа 2000-аад оны залуус, оюутнууд юу хүсэж мөрөөддөг, юу хийхийг зорьж буй сонголтоо өөрөө хийх, өөрсдийгөө манлайлж ажиллаж чадах хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ өөрсдийн саналаар сонгох нь чухал болохыг хэлээд намын даргын хувьд залуусын сонголт руу оролцохгүй, нөлөөлөхгүй гээд нэрээ дэвшүүлж буй залуусыг бүгдийг нь танилцуулж буйгаа онцолсон юм.

Дараа нь СДМОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, тулгамддаг асуудлыг хэрхэн шийдэх талаар цаашид юу хийхээ тусгасан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн асуултад хариулав.

Нэр дэвшиж буй залуус өмнөх өдөр нь оюутны эрх ашиг, дээд боловсролын чанар, ил тод байдал, шинэчлэлийн бодит шийдлүүдийг хэрхэн харж байгаа талаараа бодлогын мэтгэлцээнд оролцсоныг телевизээр шууд дамжуулсан юм.

Нэр дэвшигчдийн ажиллах зорилго, чиглэлийг Их хурлын төлөөлөгч залуус сонссоны дараа СДМОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцож “Шинэ мянганы хөгжлийн стратеги” сэдэвт мөрийн хөтөлбөртэй оролцсон Н.Лхагвабаярыг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчийн 85.4 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Ардын намын дэргэдэх СДМОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Лхагвабаяр сонгогдон оюутан залуусаа манлайлан ажиллахаар болж байна.

Энэ удаагийн Их хуралд СДМОХ-ны 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг болон БНСУ дах салбар холбоод, 20 их дээд сургууль болон дэргэдэх 11 сонирхлын клуб тус бүрээс аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй оролцож байгаа нь намаас дэвшүүлсэн хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилт үр дүнтэй боллоо гэж зохион байгуулагчид үзэж байлаа.

Их хуралд хамгийн залуу төлөөлөгч 17 настай Дорнод аймгийн СДМОХ-ны тэргүүлэгч Б.Пүрэв-Очир, мөн СДМОХ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах “Хүртээмж” клубын төлөөлөл оролцлоо.

Мөн СДМОХ-ны IX Их хурлаар холбооны дүрмээ хэлэлцэж, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ сонгон баталж байна.








