Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 34134 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1604 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 544 хэрэг шинээр нээж, 1670 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 627, Өмчлөх эрхийн эсрэг 523, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 241, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 77, Хүний амьд явах эрхийн эсрэг 55, Хүрээлэн байгаа орчны эсрэг 39, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 30, Авлигын гэмт хэрэг 25, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 17, Эдийн засгийн гэмт хэрэг 11, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 9, Хүүхдийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Соёлын өвийн эсрэг 3, Эрүүл мэндийн эсрэг 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 байна.
