Би ч мэдээгүй байхад “Токи” аппликейшн дээр миний нэрээр 500 мянган төгрөгийн зээл гарсан
Эх сурвалж: Zarig.mn
Иргэн “Toki” аппликейшнээр өөрийн зөвшөөрөлгүй зээл гарсан асуудлаар хандаж, холбогдох байгууллагуудаар дамжин явж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаагаа мэдээллээ.
Түүний хэлснээр “Toki” аппликейшн нь албан ёсны оффис, хэрэглэгч хүлээн авах нэгжгүй, гомдол гаргах, уулзалт товлох боломжгүй байна. Менежертэй нь уулзах хүсэлт тавихад “манайд уулзах хүн байхгүй” гэсэн хариу өгсөн бөгөөд Юнител компанид хандахад “манай байгууллагад хамааралгүй” гэсэн тайлбар өгчээ.
Иргэний мэдээлснээр түүний регистрийн дугаарыг мэдсэн үл таних этгээд уг аппликейшнээр дамжуулан 500 мянган төгрөгийн зээл гаргасан бөгөөд хүү бодогдсоор өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 700–800 мянган төгрөгт хүрсэн байна. Тэрбээр уг зээлийг өөрөө гаргаагүй, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэдгээ онцоллоо.
Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч уг хэргийг “кибер гэмт хэрэгт” шилжүүлсэн гэх тайлбар өгсөн байна. Харин кибер гэмт хандахад “таны хэрэг манайд ирээгүй байна” гэсэн хариу өгч, иргэнийг хоёр байгууллагын хооронд явуулж байгаа аж.
Мөн “хэрэг шалгагдаж байгаа, удаан хугацаа шаардана” гэсэн ерөнхий тайлбараас өөр тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд тухайн зээлийг гаргасан этгээдийг илрүүлсэн эсэх талаар иргэнд албан ёсоор мэдэгдээгүй байна.
Тус иргэн энэхүү нөхцөл байдал нь хэрэглэгчийг хамгаалах тогтолцоо сул байгааг харуулж байна хэмээн үзэж, уг асуудлыг олон нийтэд хүргэж, холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, бодитой шийдвэр гаргахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1192588846332874%2F&show_text=false&width=367&t=0