“Өргөө” зочид буудлыг нийслэлд авч чадсангүй шинэ онтой золгов

urguu-buudal

Нийслэл өнгөрсөн онд хууль бусаар бусдад очсон байсан өмчүүдээ буцаан авах ажлыг хийж, газрыг нь дуудлага худалдаагаар зарж борлуулан, нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хууль бусаар авсан “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авч чадалгүй шинэ онтой золголоо.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас 2007 онд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, 75 хувийг “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмшихээр болж, шийдвэр гаргасан.

“Хар дун” компанийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамаарал бүхий этгээд эзэмшдэг. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дээрх өмчийг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өгөхгүй гэж мэдэгдэж байв.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах мэдэгдлийг “Хар дун” компанид хүргүүлж байсан удаатай. Гэвч мэдэгдлийг юман чинээ тоосонгүй. Энэ онд дээрх буудлыг нийслэл өмчдөө буцаан авч чадах эсэхийг харах л үлдэж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар өнгөрсөн онд нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг зохион байгуулснаар нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Тодруулбал, дараах газруудыг нийслэлийн өмчид буцаан авсан байна.

  1.  “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  2. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  3. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  4. БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  5. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
  6. СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

About Author