СҮХБААТАР: Гавьяат Б.Сүхбаатар төрийн архивт хувийн хөмрөгөө хүлээлгэн өглөө
Төр захиргааны ахмад ажилтан, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Болдын Сүхбаатар өнөөдөр Архивын хэлтэст хувийн хөмрөгөө хүлээлгэн өглөө.
Үүнд, аймаг, сумын ойн медаль 24, өөрийн эмхтгэн хэвлүүлсэн зургаа болон бусад ном товхимол, цаасан суурьтай 104 хадгаламжийн нэгж, 31 гэрэл зураг багтжээ.

Тэрбээр хэлэхдээ, Би Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллагад 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд өөрийн цуглуулсан олон төрлийн материалаас аймгийн түүхтэй холбоотой баримт материалуудаа архивт хүлээлгэн өгөхийг илүүд үзсэн. Анх удаа болж буй энэ үйл ажиллагаанд сэтгэл их өндөр байна. Ер нь төрд тангараг өргөнө гэдгийн учир шалтгааныг албан хаагчид ялангуяа залуучууд маш сайн ойлгох учиртай. Энэ бол зүгээр нэг цагаан цаас хараад уншаад өнгөрч буй явдал огт биш юм. Төрийн албаны хүн гурван зүйлийг л чухалчлах ёстой гэж би боддог. Нэгдүгээрт мэдлэгтэй, чадвартай байх хэрэгтэй, хоёрдугаарт бусадтай ажиллах арга барил, эв дүйг эзэмших учиртай. Харин удаад нь эрхэлж буй албан тушаал, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх ёстой. Үгүй бол хэдий өндөр боловсролтой, чадвартай байгаад хэрэггүй хэмээн хэлж захиж байв.

Сүхбаатар аймгийн Төрийн архивт хувийн хөмрөг хүлээн авах үйл ажиллагааг Архивын хэлтсээс санаачлан анх удаа зохион байгуулсан нь энэ юм.