ГОВЬ-АЛТАЙ: Малын тоо өмнөх оныхоос 1.9 хувиар цөөрчээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо өмнөх оныхоос 96-гаар, малчин өрхийн тоо 137-гоор цөөрсөн тухай аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.
Аймгийн хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 3035.7 мянган толгой мал тоолууллаа. Малын тоо өмнөх оныхоос 59.6 мянган толгойгоор буюу 1.9 хувиар буурсан байна.
Тус аймгийн тухайд 2025 онд 765.4 мянган төл бойжуулсан ба төллөсөн хээлтэгч өмнөх оныхоос 73.9 мянгаар, бойжсон төл 98.4 мянган толгойгоор өссөн байна.
Сүүлийн жилүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчид малын тоог цөөлөх, зах зээлд борлуулах, төв сууринд суурьшиж буйтай холбогдуулан малтай болон малчин өрхийн тоо буурч байгаа гэв.
Говь-Алтай аймгийн тухайд малтай өрхийн тоо 2023 онд 10606, 2024 онд 10639, 2025 онд 10548 болж цөөрсөн бол малчин өрхийн тоо 2023 онд 7944, 2024 онд 8118, 2025 онд 7981 болсон үзүүлэлттэй байна.
2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр:
-Адуу 133.7 мянга болж 2.8 хувиар өссөн
-Үхэр 86.8 мянга болж 6.0 хувиар өссөн
-Тэмээ 51.3 мянга болж 2.4 хувиар өссөн
-Хонь 900.9 мянга болж 1.5 хувиар буурсан
-Ямаа 1863.0 мянга болж 2.9 хувиар буурсан байна.