Энэ сарын 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2026 оны нэгдүгээр сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын газраас мэдээллээ.
Хур тунадас:
06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар,
07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас,
08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
09-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
06-нд нутгийн зүүн хэсгээр,
07-нд Алтайн уулархаг нутгаар,
08, 09-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус,
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.
08-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.