Увс аймагт газар хөдөлжээ

250px-Uvs_in_Mongolia.svg

Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2026 оны нэгдүгээр сарын сарын 5-ны шөнийн 23.58 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө. Уг газар хөдлөлтийг орон нутгийн зарим иргэд, малчид сулхан чичирхийлэл хэлбэрээр мэдэрсэн бөгөөд одоогоор хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, малд учирсан хохирол бүртгэгдээгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн бүс нутагт нутаглаж буй малчдаас авсан тодруулгаар, газар хөдлөлтийн чичирхийлэл бага байсан тул айл өрхүүдэд ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дахь тектоник хавтангуудын хөдөлгөөн, хагарал шилжилтээс үүдэн хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөх үед үүсдэг байгалийн үзэгдэл юм. Энэ үед газрын гадарга чичирхийлж, долгион тархах бөгөөд уг чичирхийллийн хүчийг магнитудын шатлалаар хэмждэг. Магнитудын хэмжээ ихсэх тусам газар хөдлөлтийн нөлөө, учруулах хохирол нэмэгдэх эрсдэлтэй. Газар хөдлөлт 3–4 магнитуд байвал ихэвчлэн сул чичирхийлэл хэлбэрээр мэдрэгдэж, ноцтой хохирол учруулах нь ховор байдаг.

Газар хөдлөлтийн үед иргэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

  • Газар хөдлөлт мэдрэгдсэн тохиолдолд тайван байж, сандрахгүй байх
  • Барилга байгууламжийн эвдрэл, хагарал үүссэн эсэхийг шалгаж, аюултай хэсэгт  ойртохгүй байх
  • Зуух, цахилгаан хэрэгсэл, хий ашигладаг бол унтраасан эсэхийг нягтлах
  • Албан ёсны байгууллагуудаас өгч буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч дагаж мөрдөх
  • Болзошгүй эрсдэлээс сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хувийн бэлтгэлээ хангах

About Author