В.Оюумаа: Энэ онд нийслэлийн өмчийн найман барилга байгууламжийг дуудлагаар худалдана

images - 2026-01-08T224548.290

2024 оноос эхлэн нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байсан 15 барилга, байгууламжийг буцааж авч, нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум, 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

2026 онд үргэлжлүүлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг зохион байгуулах аж.

Энэ тухай НӨХГ-ын дарга В.Оюумаа “2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн.

Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлүүлсэн.

Харин 2026 онд найман барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байна.

Ирэх хоёрдугаар сард нийслэлийн өмчийг тоолно” гэв. Гэхдээ дуудлагаар худалдах найман барилга байгууламжийн жагсаалтыг мэдээлсэнгүй.

2025 онд дараах өмчийг нийслэлд буцааж авчээ.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1.220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.

БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

About Author