ТАНИЛЦ: Төрийн өмчийн “Метан газ ресурс” ХХК-иас илэрсэн ЗӨРЧЛҮҮД
Эх сурвалж: ZUV.MN
Тавантолгой ордын нүүрсний давхаргын метаны нөөцийг тогтоох, цаашлаад олборлолт хийх чиг үүрэгтэй төрийн өмчит “Метан газ ресурс” ХХК төсөв зардлыг хэтрүүлэн, хууль зөрчиж буйг Үндэсний аудитын газраас шалгаж, тогтоожээ.
Тус компани байгаль орчны нөхөн сэргээх баталгааны 58 сая төгрөгийг дутуу байршуулсан нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.912 дэх заалтыг зөрчсөн тул нөхөн байршуулахаар хугацаатай албан шаардлага өгсөн байна.


Мөн “Метан газ ресурс” ХХК нь Таван толгой XXXIII талбайн кемпийн ажлын байранд ашиглах туршилтын босоо цооногийн өрөмдлөг хийх өрмийн хошуутай байх шаардлагыг хангаагүй, нэмэлт зардал гаргаж 5.762.34 ам.долларын төсөв хэтрүүлсэн аудитын шалгалтаар ил болжээ.
Түүчнлэн цооногийн DST хэмжилтийн ажил амжилтгүй болсон 256,293.03 ам.доллар, тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжээс шатахуун худалдан авалт хийсэн зэргийг шалгалтаар тогтоосон байна.
Засгийн газрын 2019 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны бүртгэл, тооцооны журам” -ын 2 дах хэсгийн 2.1.16.-д “тухайн жилийн өртөг нөхөгдөх зардлын дүнгээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцсон захиргааны зардал” гэсэн заалтыг үндэслэн баталгаажуулсан ӨНЗ-ын дүнгээс дахин тооцоолол хийж 31.277.56 ам.долларын зөрчилтэй хэмээн дүгнэжээ.
“Эрдэнэс Метан” ХХК-ийн хувьд Монголчууд төдийлөн мэддэггүй. Тус компани гадаадын хөрөнгө оруулалт татах замаар Тавантолгой болон бусад ордын нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, олборлолт хийх, цаашид Монгол Улсыг хий экспортлогч орон болгох зорилготойгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан.
Энэ хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жейд Метан” ХХК-тай хамтран “Метан ГазРесурс” ХХК-ийг байгуулж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Эрдэнэс метан” ХХК нь Тавантолгой-ХХХIII хайгуулын талбайд метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 5 дугаар сарын 06-нд байгуулж байжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний 150 дугаар тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг “Метан Газ Ресурс” ХХК-д шилжүүлсэн.
“Метан Газ Ресурс” ХХК нь 2022 оноос хайгуулын ажлаар Тавантолгой ордын нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын үр дүнг нарийвчлан таамагласан зэрэглэлийн нөөц баялгаас боломжтой зэрэглэлийн нөөц болгон нэмэгдүүлэх, туршилт, ажиглалтын ажил хийх чиглэлээр ажиллаж байгаа юм.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Амар гэх хүн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.