Засаг дарга Г.Чинбат тэргүүтэй Говь Алтайн дарга нар уул уурхайгаас иргэдэд очих ёстой мөнгийг замаас нь завшдаг уу

d1b433cf47e8b696a43d41fc4ec84e1a

Эх сурвалж: Zuv.mn

Монгол Улс газрын хэвлийн баялаг ихтэй. Эрх баригчид, аймаг орон нутгийн удирдлага иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж, баялгийнхаа үр шим өгөөжийг нь шударгаар хуваарилж чадвал амьдрал ахуй нь сайжрах нөөц бололцоо бүрэн бий. Харамсалтай нь, Говь-Алтай аймгийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Г.Чинбат тэргүүтнүүд уул уурхайн компаниудтай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээнээс буюу газрын баялгаас орж ирсэн өгөөжийг иргэдэд өгөлгүй, өөрийгөө тойрон хүрээлсэн дарга нарт өгдөг байсан байж болзошгүй байна.

Говь-Алтай аймагт 2025 оны байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 компани бий. Сүүлийн гурван жил энэ тоо өөрчлөгдөөгүй байна. Эдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх” асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд жил бүр аймаг, сумын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах ёстой байдаг.  

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны орлогоосоо жил бүр тодорхой хэмжээний мөнгийг орон нутагт зарцуулах ёстой бөгөөд энэ үүргээ ч биелүүлж, жил бүр гэрээ байгуулж иржээ. Гэвч энэ гэрээний дагуу орж ирсэн санхүүжилтээр хийгдсэн ажлын мэдээлэл хангалтгүй, юу хийвэл зохилтойг газрын хэвлийн баялгаа ашиглуулж буй сум, орон нутгийн иргэдээс асуудаггүй аж.

Ноцтой нь, нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд орж ирж байгаа хөрөнгө мөнгөний зарцуулалтад хуулиараа сумын иргэд оролцох ёстой байтал Аймгийн Засаг дарга Г.Чинбат нь зөвхөн Аймгийн оролцоог хангаж, сумдыг орхигдуулж иржээ. Хуульд зааснаар, уул уурхайн компаниудтай байгуулах Нийгмийн хариуцлагын гэрээг Аймаг, Сумын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл хариуцдаг. Энэ зөвлөлд орон нутгийн удирдлага буюу төр, мэргжлийн холбоод, иргэний нийгэм, уул уурхайн компаниудын төлөөлөл багтаж, уул уурхайг байгаль орчинд ээлтэй, орон нутгийн хөгжил, иргэдийн аж амьдралд өгөөжтэй байх нөхцлийг хангуулж ажиллах зорилготой.

Гэтэл Г.Чинбат нь 10 хүнтэй зөвлөл байгуулахдаа төрийн байгууллагаас найм, иргэний нийгмийн гэх 2 хүнийг томилж, мэргэжлийн холбоод, компанийн төлөөллийг оруулалгүй орхижээ. Энэ нь Засгийн газрын 2012 оны 222 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн, байгалийн баялгаа ашиглалуулж буй сумдад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл байгуулагдаагүй аж.   

Уул уурхайн компаниудаас орж ирсэн мөнгийг иргэдийн саналгүйгээр зарцуулж, ил тод тайлагналгүй нуужээ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл нь жил бүр ирэх жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталдаг бөгөөд энэхүү хөтөлбөрийг сум, орон нутгийн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх болон бусад байдлаар тодорхойлдог.

Тэгвэл Засаг дарга Г.Чинбатын захирамжаар байгуулагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл төлөвлөгөө батлах битгий хэл хуралддаг эсэх нь тодорхойгүй, маш хариуцлагагүй ажиллаж иржээ. Компаниудтай Нийгмийн хариуцлагын гэрээгээ бол байгуулж мөнгө авахаа мартдаггүй. Гэхдээ тэр мөнгөөр юу хийхийг буюу хэнд зарцуулахыг иргэдээс асуулгүй явж ирсэн байна.

Говь Алтай бол иргэдийнхээ мэдлэг мэдээлэлгүй байдлыг ашиглаж, дарга нар нь идэж ууж завшихдаа мэргэшсэн газар. Уул уурхайн салбарт ч адилхан, иргэдээсээ их зүйлийг нууж, ард урдуур нь идэж шамшигдуулж байсан гэж хардах үндэслэл бүрэн байна.

Тодруулбал, Аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл нь 2024 оны үйл ажиллагааны тайландаа “Байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж авахаар 6 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, байгуулсан гэрээг www.iltodgeree.mn эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санд байршуулан олон нийтэд ил тод мэдээлсэн” гэж тайлагнасан боловч тус сайтад огт мэдээлэлгүй орхижээ.

Энэхүү гэрээ болгоны ард багагүй хэмжээний мөнгө байгаа бөгөөд сум, орон нутгийн хөгжилд зарцуулагдах ёстой. Гэтэл ил байршуулалгүй орхино гэдэг тэрхүү мөнгө зориулалтаараа зарцуулагдаагүй гэж хардах үндэслэл мөн юм.

Говь Алтай аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл Уул уурхайн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нийт 64 гэрээ байгуулснаас эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санд 2023 онд 10, 2025 онд 10 гэрээг мэдээлж, 2024 онд гэрээ мэдээлээгүй аж.

Иргэд баялгийн өгөөж хүртэх боломжийг хааж боожээ

Аймаг нь уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээг байгуулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг хийх ёстой. Ингэж байж иргэдийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж, баялгийн өгөөжийг хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй зүйлд нь зарцуулж чадна. Гэтэл Говь Алтай аймаг  ийм жишиг байхгүй. Албаар, мэдэгдэхгүй байлгах сонирхолтой мэт иргэдийн хэлэлцүүлэх хийхгүй явж иржээ.

Тухайлбал, 2023 онд 21, 2024 онд 14, 2025 онд 29 гэрээ байгуулснаас Чандмань суманд 2025 онд ганц удаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад 63 тохиолдолд иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаяжээ. 

Хамгийн ноцтой нь, энэ хугацаанд байгуулсан 64 гэрээнээс 20-ийг нь л олон нийтэд ил тод байршуулж, 44 гэрээгээ ил тод тайлагналгүй нуужээ. 

Орон нутагтай хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээний дагуу хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэд олон нийтээр хэлэлцүүлээгүйгээс иргэдийн санал тусгагдахгүй, үр өгөөж хүртэх боломж хангалтгүй байна.

Тиймээс Засаг дарга Г.Чинбатын уул уурхайтай холбоотой хууль, журам, тогтоол зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллага шалгаж, буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох цаг болсон байна.   

Харин Говь Алтайн нийт ард иргэдэд хэлэхэд, уул уурхайтай сумын иргэд Орон нутагтай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээг ил болгохыг шаардаж, өнгөрсөн хугацаанд хийж болох байсан ажлаа дарга нараасаа нэхвэл зохино. Танай аймагт уул уурхайн хайгуулын 73, ашиглалтын 65, нийт 138 лицензийг 86 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. Энэ бол цаашид уул уурхайн салбар хөгжихийн шинж. Харин иргэд та бүхэн өөрийн сумандаа уул уурхайгаас орж ирж байгаа орлогоос хүртэх, тэр мөнгөөр юу хийхийг шийдэхэд оролцох эрхтэй юм шүү.

About Author