Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: ЕБС-ийн 1-12 дугаар анги болон коллежийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж эхлэхээр боллоо

467528448_1237657940657397_877677456306532629_n

Эх сурвалж: Өдрийн сонин

Өмнөговь аймгийн Засаг дарга Насанбуянгийн Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өмнөговь аймагт өвөлжилт ямар байна вэ. Малчид, иргэдийн амьдрал өнгөрсөн 2025 онд ямар
дэвшилттэй болж өнгөрөв?
-Сүүлийн жилүүдэд говь нутагт маань зуншлага сайхан байж, өнтэй сайхан өвөл болж байна. Аймгийн
хэмжээнд бэлчээрийн 60 орчим хувь нь өвстэй, 40 хувь нь дунд зэрэг өвстэй бөгөөд нутгийн 28 хувь нь
цасан бүрхүүлтэй байна. Өнгөрсөн 2025 оны мал тооллогын урьдчилсан дүнг харахад Өмнөговь аймаг 2.3 сая толгой мал тоолуулж, өмнөх оноос 324.8 мянган толгойгоор буюу 16.5 хувиар өслөө. Энэ нь малчид маань байгалийн эрсдэлээ харьцангүй сайн давж, мал аж ахуй салбар тогтвортой байж часаны илрэл гэж бид харж байгаа. Малын тоо өссөн нь зөвхөн тоо хэмжээний бус, малчдын орлого, амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлсэн. 2025 онд улс орны эдийн засаг хүндрэлтэй, амаргүй цаг үе байсан ч гэлээ өмнөговьчууд бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, орон нутгийн хөгжлийн төлөвлөсөн ажлуудаа хийж хэрэгжүүлж салбарт бүрд амжилт дүүрэн ажилласаар шинэ онтойгоо золголоо.

-Энэ оны улсын төсөв нэлээд сунжирсан, батлагдсаныхаа дараа ч гацаатай, хүндрэлтэй байлаа. Танай
аймгийн хувьд төсвөө өөрөө бүрдүүлдэг. Улсын төсвөөс хараат бус байхын давуу тал их үү. Ер нь энэ
жилийн аймгийн төсөв ямар байгаа вэ. Улсдаа бас орлого төвлөрүүлж өгдөг шүү дээ?

-Өмнөговь аймаг улсаас татаас авдаггүй, өөрийн орлогоороо санхүүжихийн зэрэгцээ улсын төсөвт өндөр
хэмжээний орлого төвлөрүүлдэг. 2011 оноос аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлээд улсын төсөвт орлого
төвлөрүүлсээр ирсэн. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон зэрэг нийт 10 аймгаас 1.8 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан.
Энэ дүнгийн 84.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг Өмнөговь аймаг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Орон нутгийн төсвийн хараат бус байх нь шийдвэр гаргах бие даасан байдал, хөрөнгө оруулалт татан орон нутгаа хөгжүүлэх боломжийг олгодог ч уул уурхайн түүхий эдийн экспорт буюу гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаарч сумд, байгууллагуудаа санхүүжүүлж чадахгүй болох зэрэг эрсдэл үүсэх ч боломжтой. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, нүүрсний экспорт саарсантай
холбоотойгоор орлого төвлөрүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч орон нутгийн төсвийн
орлогоо 80 гаруй хувьтай биелүүлж, улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүллээ. Үүний зэрэгцээ мөн
нутгийн урсгал зардал, орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж
хэрэгжүүллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар манай аймаг улсын төсөвт 1.14 их наяд төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан. Мөн 2025 оны 12 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн 2026 оны төсвийг 2.1 их наяд төгрөгөөр баталсан нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ч хөгжлийн бодлогоо хадгалж,иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна.

-Орон нутгийн бондыг хөрөнгийн зах зээл анх удаа арилжсан аймаг болсон. Энэ талаар та мэдээлэл
өгөхгүй юу?

-21 аймгаа түүчээлэн аймгуудаас анх удаа орон нутгийн бондыг хөрөнгийн зах зээлд арилжин Өмнөговь
аймгийн хөгжил дэвшил хамгийн хэрэгцээтэй, хамгийн чухал төсөл болох 50 Мвт-ын дулааны цахилгаан
станцын төслөө санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулан 2026 оны нэгдсэн төсөвт тусган батлуулж өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос эцсийн зөвшөөрлийг авлаа. Эдгээр үийдвэрүүд нь
цаашид дэд бүтцийн мега төслүүдээ орон нутгийн бондыг үе шаттай гарган амжилттай хэрэгжүүлэх үүд
хаалгыг нээж байна гэсэн үг. Энэхүү шийдвэр гарсанаар Өмнөговь аймгийн улсын төсөвт өгөх татаас буюу
орлогын шилжүүлэг үнэт цаасны дүнгээр буурч өртөг өндөртэй төслүүд маань нийслэл хотын нэгэн адил урагшлах боломж бүрдэж байгаагаараа орон нутагт чухал ач холбогдолтой юм. Станц ашиглалтад орсноор зөвхөн Даланзадгад сумын хэрэгцээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан эрчим хүчний хангамж бүрдүүлэх, уул уурхай, аялал жуулчлал, орон нутгийн хөгжил суурь дэд бүтцийн чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

-Таны хувьд аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш өдийг хүртэл томоохон ямар ажлуудыг
эхлүүлээд байгаа вэ?

-Аймгийн Засаг даргаар томилогдоод Өмнөговь аймгийг 2024-2028 онд хэрэгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь”
хөтөлбөрөө ИТХ-аар батлуулан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2025 онд аймгийн Засаг
даргын хувьд үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хоёр асуудалд түлхүү анхаарч
ажиллалаа. Эхнийх нь төсвийн орлого бүрдүүлэх, хоёрдугаарт хөгжлийн суурь болсон дулааны станц, олон
улсын нисэх буудал зэрэг том төслүүдээ эхлүүлэх боломжийг бүрдүүлэх. Өмнөх дөрвөн жил Засаг даргын
орлогчоор ажиллаж байхдаа орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажлын хэсгийг ахлан татварын хуулийн хэрэгжилтийг хангаж, уул уурхайн компаниуд тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй ойлголцож хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Засаг даргаар томилогдоод энэхүү ажлаа үргэлжлүүлэн орон нутгийн төсвөө зөв төлөвлөх, төсвийн орлого бүрдүүлэх анхаарч ажилласны үр дүнд Өмнөговь аймгийн төсөв найм дахин буюу 700 гаруй хувиар өссөн байна. Тодруулбал, 2021 онд аймгийн төсөв 234.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 1.9 их наяд төгрөгт хүрч өсөөд байна. Энэ өсөлтийг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдэд бизнес эрхлэх эрх чөлөөгөөр хангах,төсвийн орлогыг зөв хуваарилах хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, сум орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, уул уурхайн бүс нутаг,хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байгаа.
Өмнөговь аймгийн хувьд ирээдүйн хөгжлийг зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой төлөвлөх нь чухал.
Энэ хүрээнд аймгийнхаа хөгжлийн суурь болох мега төслүүдийг төлөвлөж, үе шаттайгаар эхлүүлэх зорилт
тавин ажиллаж байна.

-Үдийн цай, үдийн хоол хөтөлбөрийг бүх бүлгийн сурагчдад өгөх хэрэгтэй гэж үздэг ч улс хөрөнгө
мөнгийн асуудлаас болоод уг асуудлыг шийдэлгүй өдийг хүрсэн. Харин орон нутагт анх удаа ЕБС-ийн нийт сурагчдад үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэдэг мэдээлэл байна.Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?


-Өмнөговь аймаг эрүүл мэнд, боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтаа хийдэг аймаг. Өнгөрсөн
2025 онд бид орон нутгийн төсвийнхөө 30-40 хувийг эрүүл мэнд, боловсролынхоо салбарт зарцуулсан. 2020
оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн Ардчилсан нам “Нутгийн хишиг” хөтөлбөрийг дэвшүүлсэн.Энэ нь уул уурхайн өгөөжийг иргэдэд хүргэх тэгш хүргэх зорилготой хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн алба хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувь нэмэгдүүлж, сар бүр нэмэгдэл урамшуулал олгож, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг 50 хувь нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, иргэдийн амьдрах орноо сайжруулах дэд бүтцийн үйчилгээнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлсэн. Байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ хүргэсэн шийдвэр, хөтөлбөрийнхөө төсөв хөрөнгө, хамрах хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн маань гол зорилго л доо. Энэ зорилгынхоо хүрээнд “Үдийн хоол” хөтөлбөрийнхөө хамрах хүрээг өргөжүүлж, орон нутгийн төсвөөр 6-12 дугаар ангийн сурагчид мөн Политехникийн коллежийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж, цэцэрлэг, дотуур байрны сурагчдын хоолны төсөвт орон нутгаас олгодог нэмэгдлээ тодорхой хувиар нэмэгдүүллээ. Энэ бол ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт төдийгүй уул уурхайн өгөөжийг хүүхэд багачууддаа хүргэж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайруулах нь сурагчдын амжилтыг нэмэгдүүлэх, халдарт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой учир бид дэлхийн бусад улс орнуудын жишгээр бүх суралцагчдаа “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах нь зөв гэж харж байгаа.

-Өмнөговь аймаг руу шилжин нүүх, ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд жилээс жилд эрс нэмэгдэж
байгаа. Энэ утгаараа аймаг орон нутгийн ойрын таван жилийн хөгжлийн төлөвлөгөө юу байна вэ?

-2025 оны жилийн эцсийн байдлаар Өмнөговь аймгийн бүртгэлтэй хүн ам 82 мянгад хүрсэн. Мөн
хөдөлгөөнтэй хүн амаа тооцохоор 130 гаруй хүн амтай аймаг гэж хэлж болно. Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан Өмнөговь аймгийн хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловруулан жиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн төв болон уул уурхайтай Цогцэций, Ханбогд сумаа дэд хот болгон хөгжүүлэх, аймгийн төвөө сумдтай хатуу хучилттай авто замаар холбох, сум суурин газрыг орон сууцжуулах, инжинерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, сургууль,цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах, дулааны цахилгаан станц, олон улсын нисэх онгоц, говийг усжуулах том төслүүдийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллах, амьдрахад таатай орчинтой, аялал жуулчал, үйлвэрлэл хөгжсөн Монгол Улсын нийгэм, Эдийн засгийн томоохон бус нутаг болон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Усны асуудал говьд нэн тэргүүний тулгамдсан асуудал хэвээр байгаа. Бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд энэхүү асуудлаар зарласан мега төслийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч байна.
Нөгөөтэйгүүр удахгүй СОР-17 манай улсад зохион байгуулагдана. Энэ том чуулганаас говийн бүс усны
асуудлаа нааштайгаар шийдэх боломжууд гарч ирэх үү?

-Ус бол говийн бүсийн хөгжил, хүн амын суурьшил, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс болсон хамгийн чухал асуудал. Орон нутгийн хэмжээнд “Говь+ Ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадарын усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах,булаг шандынхаа эхийг хашиж хамгаалах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 18 байршилд хөв цөөрөм байгуулж, 246 булаг шандынхаа эхийг хашиж хамгаалахын зэрэгцээ бэлчээр усжуулалтыг 65 хувьд хүргэлээ. Олон жил яригдаж байгаа говь руу ус татах төслийг бодит ажил болгоход говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд маань санаа зорилго нэгтэй онцгой анхаарч ажиллаж байгааг хэлэх нь зөв болов уу. Говь руу ус татах мега төслүүдийг зөвхөн нэг салбарын хэрэгцээ бус, говийн бүсийн урт хугацааны хөгжлийг шийдэх стратегийн ач холбогдолтой төсөл, энэ төсөл хэрэгжсэнээр уул уурхай, аж үйлдвэр, хот суурин газрын усан хангамж тогтвортой болж, цаашлаад иргэдийн амьдрах орчин, хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжрах ач холбогдолтой.

-СОР-17 чуулгантай холбоотойгоор…?

-Удахгүй зохион байгуулагдах СОР-17 олон улсын чуулган нь уур амьсгалын өөрчлөлт, ус, тогтвортой
хөгжлийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэх том боломж гэж харж байгаа. Энэ хүрээнд говийн бүсийн усны мега төслүүдийг олон улсад танилцуулж, санхүүжилт, дэвшилтэт техник технологи, олон улсын хамтын ажиллагааг татах бодит боломжууд нээгдэнэ гэж үзэж байна.

About Author