VS: Төр компаниудаа хувьчилж болохгүй, болно

DSC03504-4-810x500

Эх сурвалж: Nnews.mn

Төрийн өмчит аж ахуй нэгжийн тодорхой хувийг хувьчлах асуудлыг УИХ намрын чуулганаараа хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржийн 15 хувь. “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь, “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь, “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь, Дулааны III цахилгаан станц 49 хувь, Дулааны IV цахилгаан станц 49 хувь, Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь, Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь, Дарханы дулааны станц 49 хувь, Амгалан дулааны станц 49 хувь, Төрийн банк 45 хувь, Үндэсний давхар даатгал компани 34 хувь, Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувь, МИАТ коипанийн 10 хувь, Шивээ-Овоо компанийн 39 хувь, Багануур компанийн 24 хувь, Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчлахаар Засгийн газар энэхүү тогтоолын төсөлдөө тусгасан юм. Дээрх асуудалтай холбоотойгоор төр уул уурхай, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаа хувьчилж болохгүй  гэдэг асуудал хөндөгдөж буй бол ялсан намын саалийн үнээ, шахаа болж байгаа төрийн өмчит компанийг хувьчлах нь зүйтэй гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Шижир нарын байр суурийг онцолж байна.


УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Стратегийн гол салбар болсон эрчим хүчээ хувьчилна гэдэг аюултай зүйл. Хувьд очно гэдэг үнэ нь өснө гэсэн үг.  Үнийн өсөлтийг өнөөдрийн ядуу иргэд, аж ахуй нэгж даахгүй.  Энийг ашигтай болгох амархан. Үнэ тарифыг нь бариад байгаа нь иргэд, аж ахуй нэгжид дарамт болгохгүй гэж л бариад байгаа. Чөлөөлчихвөл тулгасан үнээрээ энэ компани ашигтай болоод л явна. Эрчим хүчний үнэ үнэтэй болохоор иргэд л зовно.  Харийн хүн авчихвал яах вэ, стратегийн салбар. Дайн хийхээ больсон стратегийн салбарыг хяналтандаа авдаг. Бид одоо нефть дээр зовж байна, ахиад эрчим хүчин дээр ийм байдал үүсвэл яах вэ.

Нэгдүгээрт, эрчим хүчний компанийг хувьчлах энэ асуудалд анхааралтай хандахгүй бол гадаадынхан авна, үнэ нь хязгааргүй өснө, монополь тулгана.

Аж ахуй нэгж, иргэд үнийн өсөлтийг нь даахгүй. Өнөөдөр улс орныг тэжээж байгаа хоёрхон том компани бий.  “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компани. Covid-19 цар тахлын хүнд үед хэн мөнгө гаргасан энэ хоёр гаргаж цахилгаан, дулааны мөнгө төлсөн.  Хувийнхан төлсөн үү төлөөгүй. Хувьд очихоор цахилгаан, дулааны үнийг төлж, нийгмийн хариуцлага хүлээхгүй болно.  Ард түмнээ тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчилж болохгүй.

Өмнө нь НИК компани нийгмийн өмнө үүрэг хүлээдэг байсан,  хувьд очсоноор энэ үүрэг нь байхгүй болсон.

Тэгэхээр энэ хувьчлалаар хэдхэн гэр бүл л баяжина.

Эхлээд 10 хувь, 20 хувийг хувьчилна гэж эхэлнэ. Стратегийн хөрөнгө оруулагч гээд нэг нөхөр гаргаад ирнэ.  Тэгэхээр таван хувь авсан нөхрийг ч юм уу,  гурван хувь авсан нөхөр хяналтаа тавиад явна.  Гол баялаг болсон юмнуудаа хувьчлах гээд дайраад байх юм.

Уг нь манайд бизнес эрхлэх боломж бий. Гаднаас аваад байгаа юмыг яагаад дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм.  Тэрэн рүү төр оролцоод байгаа юм байхгүй. Харин төрийнхөө бий болгосон, ард түмнээ тэжээж байгаа гол үйлдвэрээ хувьчлах гэж өчнөөн удаа асуудал орж ирж байна. Гурван удаа эрчим хүчний салбарыг хувьчлах гэж орж ирсэн. Гурвууланд нь буцаж байсан, одоо яах юм мэдэхгүй байна. Хамгийн аюултай юм харьд очих шүү.

Гал голомтоо хувьд өгчихгүй байх гэж найдаж байна. Хэрвээ эрчим хүч гадаадын компанид очвол эрчим хүчний тулгасан үнийг л авна.

Хуьцааг янз бүрээр аргалчихаж болдог байхгүй юу.  Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчилсан, тэгэнгүүтээ стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд дүрмэндээ монополь эрх ч юм уу давуу эрх өгөөд хяналтаа тавиад явчихна.

10-20 хувийг зарчихаад, стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд өнөөх дүрмээрээ том эрхтэй, хяналтаа тавиад явчихаж байгаа.

Олон нийтэд нээлттэй арилжина гэдэг заль. Та нар авахгүй, би авахгүй, олон нийт авахгүй. Хүн амын 3 хувь л хуримтлалтай тэд нар сонирхож авна, аль эсвэл гадаадынхан авна.

Дани, Норвеги, Финланд зэрэг улсууд стратегийн компаниудаа хувьчлахгүй, засаглалыг нь сайжруулдаг. Бид ч мөн хувьд өгөх биш, засаглалыг нь сайжруулах ёстой. Хэдхэн гэр бүлд өгөх асуудал биш. Манайх өөрөө жижиг орон, Хятадад нэг гуанз нээхэд ашигтай. Монголд бизнес эрхлэхэд хүнд, тийм учраас төрийн зохицуулалт байхаас аргагүй. стратегийн гол салбаруудаа төр авч явах ёстой, хувь хүн улс орныг тэжээнэ гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР:

-Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр дамжуулж хувьчлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Төр бүгдийг хийдэг, бүгдийг авдаг байж болохгүй. ДНБ -ийн 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэдэг бараг социалсист улс. Бид социалист улс, биш чөлөөт эдийн засгийг хөгжүүлэхээ Үндсэн хуульдаа заасан.

Төрд өнөөдөр 124 их наяд төгрөгийн хөрөнгө байна.  Үүнээс гадна төрийн өмчит аж ахуй нэгж дээр маш их хэмжээний хөрөнгө байна, түүнийг дагасан хулгай луйвар асар их яригддаг.

Дэд сайд болж байхаар төрийн өмчит компанийн захирал болъё гэдэг аман яриа ч байдаг. Энэ бол төсвөөс гадна асар их хэмжээний мөнгө үрэн таран хяналтгүй байгаа гэдгийг л харуулж байгаа. Хариуцлага тооцдоггүй, хариуцлага тооцох гэхээр биенээ чагталдаг. Хэрвээ миний хүнийг хөндөх юм бол чиний хүнийг хөндөнө гэдэг.

Төрийн өмчит компанийн захирал нь бүгдээрээ намаас хамааралтай. Ийм байхад төрийн өмчит компанийг хэзээ ч үр ашигтай ажиллуулж чадахгүй.

Сайдаас буугаад төрийн өмчит компанийн захирал болдог, төрийн өмчит компанийн захирлаас буугаад сайд болдог.  Ийм гажиг тогтолцоог эрх арьж байгаа нам сүүлийн 10 жил хийлээ, үүнийгээ одоо ухаарч байгаа нь яамай.

“Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг жилийн худалдан авалт улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн хөрөнгө оруулалтын зардалтай тэнцэж байгаа.

Нэг жилд 3 их наяд төгрөгийн худалдан авалт хийж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт төрийн өмчит компанийн худалдан авалттай тэнцсэн гэсэн үг.

Төрийн өмчит компани тэр чигээрээ мафи болсон.  Төрийн өмчит компанийн захирал нь сонгуульд нэр дэвшдэг, сонгуулиас өмнө сурталчилгааны материал тараадаг. Мөн томилсон сайд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг.  Ийм болсон байгаа нөхцөлд төрийн өмчит компаниудыг хувьчлахаас аргагүй.

About Author