Ерөнхий сайд Г.Занданшатарын золихоор зэхсэн САЙД НАР
Эх сурвалж: Tsahiur.mn

Намрын чуулган хаалтаа хийж, улс төр түр “амраад” байна. Гэхдээ хөшигний ард улс төр оволздогоороо оволзож буй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хэдийнэ эхэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн дэвших, хэнийг дэвшүүлэхгүй байх тухай яриа, тохироо үргэлжилж буй.
Үүний хажуугаар улс төрөө даахгүй, дэнчигнэж буй нэг институт нь Засгийн газар юм. Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдохоосоо эхлээд л маапаан дагуулж, дунд нь нэг огцорч буцаж ирээд л. Үе үеийн Ерөнхий сайд нарын түүхэнд тунчиг сонин түүхтэй дүр болж буй. Гэхдээ л энэ албандаа яагаад ч юм тогтсоор байдаг. Үүний цаад шалтгаан улс төрийн хүрээнд тохироо, өгөө аваа хийж сурсных гэж яригддаг. Ингэж харагдах кейсүүд ч олны нүдэн дээр олон болсон. Б.Энхбаяраас эхлээд Ш.Раднаасэдээр үргэлжилсэн олон томилгооноос үүнийг бэлэхнээ харж болно. Өөртэй нь ганзага нийлж, улс төрийн оноо авчирсан чөтгөрийг ч өөд нь шидэж чаддагийг энэ удаагийн Ерөнхий сайд харуулж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн кабинетаасаа хэзээ мөдгүй явуулж мэдэх хэд хэдэн сайд нэрс “батлагдсан” гэх мэдээлэл байна. Энэ нь улс төр эвгүйтэх, олон нийтийн бухимдал өндрөө авах, аль нэг асуудал дэгдэх, шахалтанд ороход Засгийн газраа авч үлдэхийн тулд солих сайд нар гэнэ. Тэдгээр томилгооны тэргүүн эгнээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарын нэрс яригдсан тухай мэдээлэл Төрийн ордноор нэг “явж” байна. Түүгээр зогсохгүй шатахууны хомстолын асуудал дахиад дэгдэх төдийд Г.Дамдиннямыг өчиггүй буулгахаар ч хатуу тогтсон бололтой.
Дашрамд дурдахад, нийгмийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Эмч багш нарын цалингийн нэмэгдэл, ахмадуудын тэтгэврээ нэмүүлэх эсэргүүцэл дарагдаагүй байхад мал эмнэлгийн салбарынхан цалин, нийгмийн асуудлаа яриад босч ирж байна. Хэзээ мөдгүй тэмцэл хийж мэдэх өөр ч бусад салбарууд бий. Оны сүүлчээр төсөвгүй болж, бүхий л төрийн байгууллага, төслийн мөнгөө татаж цалин, урамшууллаа арай ядан тавьсан зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлууд хаалганы ард хүндэрсээр байгаа нь энэ хавар улс төр халахын шинж байж мэдэх юм…