9.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 дугаар сургуулийн спорт заал энэ онд ашиглалтад орно

nqxzt9_69675b75e337fe7967a30ea3_x974

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. Өнөөдрийн байдлаар усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тус сургуулийн спорт заалыг буулгаж, усан бассейн бүхий спорт заалыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих ажил 2024 онд эхэлжээ. Хоёр жилийн хугацаанд 23 дугаар сургуулийн спорт заалыг шинээр барих нийт төсөвт өртөг 9.2 тэрбум төгрөг. Үүнээс 2025 онд 7.1 тэрбум, энэ онд 1.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталжээ.

Хүүхдүүд усанд сэлж сурах, эрүүл чийрэг болж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх бөгөөд усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдтэй, спорт заал нь сагсан бөмбөгийн хоёр том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой байна. Заалны шал нь хүүхдийг доргилт, гэмтэж бэртэхээс хамгаалсан сүүлийн үеийн стандартынх гэнэ.

Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг 37, 39 дүгээр сургуульд барьж байгаа аж.

НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн спорт заалыг усан бассейн бүхий заал болгон шинэчлэх нийт төсөвт өртөг 8.3 тэрбум бөгөөд үүнээс энэ онд 3.6 тэрбумаар санхүүжүүлэх бол 39 дүгээр сургуулийн усан бассейнтай спорт цогцолборыг барих нийт төсөвт өртөг 7.4 тэрбум төгрөгөөс энэ онд 4.2 тэрбумыг төсөвлөжээ.

About Author