АН хуваагдаж, 2027, 2028 оны сонгуулийг сонирхолтой болгох уу
Эх сурвалж: ZUV.MN

Ардчилсан нам гишүүдээ шинэчилж бүртгэнэ, энэ ажлаа тухайн хүний үзэл санаанд үндэслэж явуулна гэж мэдэгдлээ. Энэ бол нам, гишүүд аль аль нь үзэл санаандаа үнэнч байж чадвал шууд утгаараа Ардчилсан нам дахин хуваагдана гэсэн үг юм.
Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай ч таг зүүний үзэл баримтлал номлодог зүтгэлтнүүд олон бий. Хамгийн том төлөөлөл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэгэхээр, гишүүдэд үзэл баримтлал, үзэл санаагаар шалгуур тавьж шинээр бүртгэнэ гэдэг өнгөрсөн оны сүүлээр явагдсан Ардчилсан намын ҮБХ-ны хурал, түүний дараа болсон Их хурлаар явагдсан Х.Баттулгыг Ардчилсан намаас шахан гаргах ажиллагаа доод түвшиндээ үргэлжилнэ гэсэн үг.
Тэгэхээр, II.01-III.10-нд товлогдсон намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, III.10-IV.01-нд болох намын дотоод сонгуулиуд, энэ бүртгэл, сонгуулиудын үйл ажиллагааг баталгаажуулах, IV.7-IV.08-нд товлогдсон намын Их хурал бүхэлдээ Ардчилсан намаас Х.Баттулгын гэх шошготой хүмүүсийг шахан гаргах ажиллагаа болох нь ойлгомжтой болжээ.
О.Цогтгэрэл даргын хэлснээр, Ардчилсан нам ингэж цэгцэрснээр том шинэчлэл болох нь үнэн. Гэхдээ энэ цэгцрэл Ардчилсан намыг дахин хувааж байгаа нь бас үнэн юм. Нэг талаас харвал, Ардчилсан нам хуваагдах нь МАН-д үргэлж ашигтай байж ирсэн. Тийм ч учраас энэ хуваагдал буюу Х.Баттулгыг шахах ажиллагаа нь МАН-тай тохирсны үндсэн дээр хийгдэж байгаа ажил гэж хардах өнцөг байж болно. Үндэслэл бий. Лу.Гантөмөрийг сонгосон ҮБХ-ны хурлыг бүрдүүлсэн гишүүдийг шүүх нэгбүрчлэн батламжилсан, тухайн үед МАН үнэмлэхүй засаглаж байсан. Сүүлд Ардчилсан нам даргын сонгуулиа Шинээр батлагдсан, хүчин төгөлдөр хуульд нийцүүлэлгүй явцуу хүрээнээс буюу ҮБХ-ны хурлаас сонгооход Дээд шүүх дуугүй өнгөрсөн гээд фактууд байгаа.
Гэхдээ хэдий ийм сэжигтэй фактууд байгаа ч үзэл санааны хувьд тунгалагшиж, нэг талдаа гаръя гэж байгааг нь буруутгаж болохгүй. Монгол Улс Ардчиллын замаар 30 гаруй жил явж ирсэн. Ардчиллын үед төрсөн хүүхдүүд одоо сонгогчдын зэгсэн хувийг бүрдүүлж, ачаа үүрэх насан дээрээ очиж байна. Энэ үед намд шургалсан яавч ардчилсан биш нь ойлгомжтой хүмүүсийг шахаж гаргаад үзэл баримтлалаа ил зарлаж, либерал бодлого танилцуулах нь төрийн эрх мэдэл, үүрэг оролцоо хэтийдсэн энэ үед цагаа олсон нүүдэл байж мэднэ. Гэхдээ үүний тулд гишүүдийн шинэчилсэн бүртгэл, дотоод сонгууль яг зарчмаараа явагдаж, Ардчилсан нам гэлдэг энэ сайхан нэр доор нэгдсэн нөхдүүд жинхэнээсээ ус, төсөөрөө гэдэг шиг үзэл санаагаараа ялгарах ёстой юм. Цэгцрэх ажиллагаагаар Ардчилсан нам дахь МАН-ын БЭТ маягаар ажилладаг нөхдүүдийг ч зайлуулах ёстой гэсэн санаа.
Ингэж байж 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийг жинхэнэ үзэл санааны сонгууль болгох найдварыг төрүүлэхийг мартаж болохгүй.