НББХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.06.06) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд тайланг тус Зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Эрүүл мэндийн даатгалын сан 2022 онд нийт 1,224.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, батлагдсан төсвийн төлөвлөгөө 84.4 хувиар гүйцэтгэжээ. Зарлагын хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1,358.0 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр тооцон олгож, эмийн үнийн хөнгөлөлтөд 67.2 тэрбум, үйл ажиллагааны зардалд 14.1 тэрбум, нийгмийн даатгалын байгууллагад олгох орлого цуглуулах үйл ажиллагааны зардалд 1.1 тэрбум, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд үндэслэн 283.9 тэрбум, нийт 1,749.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүний дээр 2022 оны эрсдэлийн сангийн 40.0 тэрбум төгрөгийн 8.0 тэрбумыг эмийн үнийн хөнгөлөлтөд, 32.0 тэрбум эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээнд тус тус зарцуулжээ.

ЭМДҮЗ-ийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 562 оношийн хамааралтай бүлгийг өргөжүүлэн 705 болгож, суурь тарифыг батлагдсан төсөвт багтааж 7.0 хувиар, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдэд олгож буй нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгосон байна. Урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг зургаан насны бүлгээр багцлан 28 төрлөөр явуулж, санхүүжүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлээр 500 эмийн үнийг хөнгөлж, Новартис хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчин эмгэгийн үед хэрэглэх 24 нэрийн эм болон 0-19 насны хүүхдийн уналт таталтын үед хэрэглэх эмийг 100 хувь санхүүжүүлж байна. 2022 оны эцэст шат шатны эмнэлгүүдэд олгох 9.9-44.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэлтэй гарсан байна.

Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үйлчилгээг хялбарчлах, багийн эмчийн бичсэн жороор эмээ авах, иргэдэд учрах хүндрэл чирэгдлийг бууруулах талаар багагүй ажил хийсэн талаар сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдлаа. Харин ЭМДҮЗ-ийн шийдвэрээр сангаас олгодог байсан эмийн хөнгөлөлтийг бууруулсан нь иргэдэд эмийн үнэ өссөн гэсэн ойлголт төрүүлсэн байна. Иймд уг хөнгөлөлтийг өмнөх түвшинд буюу 50-70 хувьд хүргэсэн байна.

Өнөөдрийн байлаар Эрүүл мэндийн даатгалын цахим систем 3993 байгууллага холбогдсон байгаа юм. Тус системээр эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг хянаж төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэгдэж байна. Энэхүү гүйцэтгэлийн санхүүжилтэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, цаашид боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаагаа сайд танилцуулгадаа дурдлаа. Үүний хүрээнд санхүүжилт хүндэрч байгаа нийт 26 сумын асуудлыг шийдвэрлэх, газар зүйн коэффицентээр тохируулга одоо хийх, тусламж үйлчилгээний жагсаалтыг шинэчлэх, тарифт өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаа юм байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, даатгалд хамрагдагчдыг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний даатгалаас санхүүжих тарифыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлахад баримталж буй зарчим, эмийн үнэ, эрт илрүүлгийн үр дүн, ахмад настны асаргаа, сувилгааны зардал санхүүжилт, боловсон хүчний асуудал, хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний хүртээмж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тов, сангийн хөрөнгийн менежмент, Капитал банкны асуудлын шалтгаан нөхцөл, орон нутгийн эмнэлгүүдийг эмчилгээ, оношлогооны дэвшилтэт тонтог төхөөрөмжөөр хангах, Швейцарийн Холбооны Улсын эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийн тараар олон нийтэд мэдээлэх, салбарын хөрөнгө оруулалт, инновацийг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж ярьсан юм.

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 100 хувь хөнгөлөлттэй олгож байгаа 24 тун эмийг хот, хөдөөгийн нийт 1248 эмийн сангаар түгээж байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн хариулсан юм.

Капитал банкны 136.1 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах хүрээнд 2021, 2022 онд нийт 46.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 2020-2022 онд нийт 9.8 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө хүлээн авсан байна. Үл хөдлөх хөрөнгөөс 2022 онд 5.6 тэрбумын төгрөгийн хөрөнгийг борлуулж Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлжээ.

Мөн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн тогтолцоо, түүний үр дүнг дээшлүүлэх, нийт санхүүжилтийн 95 хувь нь эмнэлгүүд рүү, 5.0 хувь нь эмийн сан руу очдог тогтолцоог иргэд рүү чиглүүлэх, нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэх, мөн тусламж, үйлчилгээ болон эмийн чанарыг сайжруулах, стандарт тогтоох, ЭМДҮЗ-ийн бие даасан үйл ажиллагааг сайжруулах талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга П.Ануужин үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг тус Зөвлөлийн гишүүдэд зөвлөж, хууль, дүрмээр олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, техникийн хороогоо байгуулахыг чиглэл болгов.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэх байсныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарын гаргасан саналын дагуу хойшлуулав. Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургаадугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” тус Нийгмийн бодлогын Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Цаглаварт, Нийгмийн даатгалын багц хуулийн болон Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх ажлуудыг тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *