У.Батбаатар: 40 жилийн өмнө тоглож байсан жүжиг маань кино болон амилсанд сэтгэл хөдөлсөн

photo - 2026-01-20T095912.798 (1)

Эх сурвалж: 24tsag.mn

Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн “Задраагүй захиа” МУСК-ны талаар Монгол Улсын гавьяат жүжигчин У.Батбаатартай ярилцлаа. Тэрбээр 40 жилийн өмнө “Дутуу хээтэй тооно” жүжигт тоглож байсан юм.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 40 жилийн өмнөх тайзны бүтээл өнөөдөр кино болон амь орж байгааг мэдрэх ямар байна вэ? 

-1989 онд Багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгсөөд хамгийн анх тоглосон жүжиг бол “Дутуу хээтэй тооно” жүжиг. Золбоот бид хоёр төгсөж очоод тэнд дүр авч ажиллаж байсан. Өнөөдөр 40-өөд жилийн дараа жүжиг маань кино болон тавигдахад сэтгэл хөдөлсөн. Би өмнөх дүрээсээ өөр дүр дээр ажилласан л даа. Тухайн үед н.Баатархүү ах тоглож байсан юм. Тэр дүр дээр ажилласан. 

-Анх кино болгох тухай дуулаад та хэрхэн хүлээж авсан бэ? 

Анх кино болгон тавина гэхэд нь кино болгож харахад хэцүү байсан. Харин киноны зохиолыг уншаад үзэхэд яах аргагүй л кино зохиол болчихсон байсан. Их гоё найруулж, зохиолоо бичсэн байна лээ. Миний хувьд маш их дуртай хүлээж авсан. 

“Дутуу хээтэй тооно” жүжигт тоглож байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Би тухайн үед шинэ жүжигчин учир гэрлэн дээр суудаг байлаа. Жүжигтээ гарчхаад бусад үед гэрэл дуур суудаг байсан юм. Дутуу хээтэй тооно” жүжигт Д.Сэдэд гуай гол дүрд тоглодог байсан. Д.Сэдэд гуайн монолог, тоглож буй тоглолтыг хараад хоёр дахь их сургуулиа төгсөж байгаа юм шиг л санагддаг байсан.

Д.Сэдэд гуай манай аавтай их төстэй хүн. Жүжиг тавигдаж байхад би аавыгаа алдаад удаагүй байсан үе. Тэгэхэд л Д.Сэдэд гуайг хараад л, гэрлээ тусгаад уйлаад суудаг байлаа. 

-Жүжиг тавигдах үед та 20 гаруй настай байж. Харин нас амьдралын туршлага нэмэгдэхийн хэрээр дүрээ илүү гүнзгий мэдэрч байна уу? 

-Тэгэлгүй яах вэ. Тухайн жүжиг хийгдэж байх үед аав хүн гэж ямар хүн байх ёстой юм, ямар хүнийг хэлээд байгаа юм гэдэг ухагдахуун дээр их л маруухан байсан санагддаг. Тухайн үед 20 гаруйхан настай байж шүү дээ. Одоо өөрөө аав болоод, өвөө боллоо. Аав гэдэг ямар их нэр хүнд, асар их тэвчээр, ухааныг тээж явдаг хүн байдаг юм бэ гэдгийг өдий насан дээр л илүү их ухаардаг юм байна. Зүгээр нэг аав байна гэдэг, аав уул байна гэдэг хоорондоо асар их ялгаатай юм байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1942808712975656%2F&show_text=false&width=476&t=0

About Author