ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь дараах холбоосоор уншина уу https://shorturl.at/a26qd
Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьснаас хойш “… гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт илт тодорхой заасан байхад дээрх хуулийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж өөрчилжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш “… гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт илт тодорхой заасан хугацааг тус хуулийн 102.1 дэх хэсгээр “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж өөрчилсөн байна.
Иймд хуулийн эдгээр заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зохицуулалтад тус тус нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар дүгнэж, эдгээр заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Үндсэн Хуулийн Цэц