Н.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг урт хугацаатай, батлан даагчгүйгээр өгөх нь банкны систем талаасаа өндөр эрсдэлтэй

0.998322001728277846

“Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаагаар, бага хүүтэй өгөх ёстой. Хамтран зээлдэгчийн, батлан даагчийн шаардлагаа цуцлах ёстой” гэсэн санал хүсэлтийг ахмадууд тавьж эхэлжээ.

“Монгол шиг ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон улсад энэ шаардлага боломжтой зүйл мөн үү” гэсэн асуултыг бид эдийн засгийн систем, боломж талаас нь тодруулга авахаар Н.Энхбаяр эдийн засагчид тавьсан юм. Тэтгэврийн зээл тойрсон уг асуудлаар эдийн засагч Н.Энхбаярын байр суурийг хүргэе.

– Ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг уртасгаж, хүүг уртасгаж, хамтран зээлдэгчгүйгээр зээл авах шаардлага тавиад эхэлчхэж. Банк санхүү, эдийн засгийн харилцаанд ийм нөхцөл байх боломжтой юу?

– Банкны систем, эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй.

– Гэтэл нөгөө талаасаа ахмадууд “Арилжааны банкуудад тийм боломж бий, тэгэх ч ёстой” гэж шаардаад байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

– Ахмадуудаас ирж байгаа шаардлагууд нь ерөнхийд нь харвал улс төрийн сонгуулийн үеэр хийдэг улс төрчдийн мэдэгдлээс үүдсэн ойлголтын зөрүү байдаг. Улс төр болоод төр засгаас өндөр настан, нийгмийн ямар нэг тодорхой бүлгийнхээ эрх ашгийг хамгаалъя, орлогыг нь нэмье гэвэл ямар нэг байдлаар төсвөөс л шийдэх ёстой. Улс төрчид банк руу биш төрд хандаж “Төсвөө нэм, нийгмийн даатгалын сангаа арвижуул” гэсэн шаардлага тавих хэрэгтэй.

Өндөр настнуудын орлого бага гэж үзэж байгаа бол эхлээд тэтгэврээ нэмэх хэрэгтэй. Нэг гэр бүлд өндөр настан дангаараа амьдардаггүй. Үр хүүхэдтэйгээ амьдарна. Тэгэхээр хоёрдугаарт нийгмийн бусад бүлгийн цалинг нэмэх, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авах учиртай. Өрх гэрийн орлогыг нэмж чадвал тэтгэврийн зээлийг заавал нэмэх хэрэгцээ байхгүй.

Бүтээмж, цалин өндөр нөхцөлд өндөр настны тэтгэврээр амьдрах гээд байх шаардлага үгүй болно. Тэтгэвэр бол ганц хүний л амьжиргааг үргэлжлүүлэх ёстой орлого. Ер нь таны хөндсөн асуудалд улс төрчдийн бодит бус амлалтууд их нөлөөлж байна л даа. Банкны зээлийн хүүг багасгаж, хугацааг уртасгаж, тавигдах шаардлагыг багасгах ёстой гэж ойлгож болохгүй. Улстөрчдийг ийм хандлага гаргахаар ахмадууд тийм боломжтой, тэгэх ёстой гэж хараад байгаа хэрэг. Улстөрчид тэтгэврийн сангаа хэрхэн арвижуулах вэ, цалингаа хэрхэн нэмэх вэ гэдгээ л ярих ёстой.

– Банкуудын хувьд тэтгэврийн зээл олгож буй мөнгийг зуун хувь өөрсдөө гаргадаг. Гэтэл нөгөө талд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл гэх мэт бизнесийн зээлийн маш өндөр эрэлт бий. Тэтгэврийн зээлийг урт хугацаагаар, ямар ч батлан даагчгүйгээр олгох боломж бололцоо банкны салбарт байгаа юу?

– Банкууд тэтгэврийн зээлд олгох мөнгийг өөрсдөө татан төвлөрүүлсэн мөнгөнөөсөө өгч байгаа, өөрөөр хэлбэл тэтгэврийн зээл гэж өгч байгаа мөнгө төрөөс огт хамааралгүй. Нөгөө талд таны сая хэлсэнчлэн тогтмол орлоготой хүмүүсийн буюу цалингийн зээл, бизнесийг зээлийг нэмэх асуудал банкуудын өмнө нэн чухал байна. Жижиг дунд үйлдвэрийн зээлээ яаж бага хүү, урт хугацаатай болгох вэ гэдэг банкны номер нэг асуудал. Эдийн засгийн хувьд ч энэ шийдэл нь бидэнд хэрэгтэй, илүү өгөөжтэй. Ажил бизнес эрхэлж буй цөөхөн хүмүүсээ хөл дээр нь тогтоохын тулд төр засаг анхаарч ажиллах ёстой.

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ хэрхэн нэмэх вэ, нөхцөл шалгуурыг нь яаж багасгах вэ гэдэгт улс төрчид болоод төр засгаас онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх учиртай. Дахиад онцлоход тэтгэврийн зээл олголтыг нэмэгдүүлнэ гэдэг банкны системийн хувьд өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, эх үүсвэр гаргахад асар хэцүү, өндөр эрсдэлийг банк талаас 100 хувь хариуцна гэсэн үг.

– Тэтгэврийн зээлд төр оролцох, зохицуулалт хийх шаардлага бий юу? Эсвэл банкууд бусад зээлийн бүтээгдэхүүн шигээ эрсдэлээ даагаад өөр өөрсдийн нөхцөл, шаардлагаа тавиад явах нь зөв үү?

– Мэдээж таны хэлсэн хоёр дахь шийдэл нь зөв. Арилжааны банкууд бол хувийн хэвшил. Зээл олгодог мөнгөө зуун хувь өөрсдөө олдог, эрсдэлээ 100 хувь өөрсдөө даадаг. Ардчилсан, чөлөөт зах зээлтэй Монгол Улсын хувьд улс төрчид нь ч юм уу, улс төрчдийн амлалтаас үүдэж иргэд нь эрсдэл өндөр зээл олгох ёстой гэж арилжааны банкнуудаа шахаад байвал банкуудын санхүүгийн чадамжид сөргөөр нөлөөлөх боломжтой, энэ нь цаашлаад банкуудын эдийн засаг, нийгэмд оруулах үр нөлөө буурна гэсэн үг.

Манайхан Төв банкийг УИХ удирддаг гэсэн ойлголтын дор яваад байгаа нь буруу гэж би боддог. УИХ бодлогыг нь л тодорхойлох ёстой газар. Хууль нь тийм. Нөгөө талаас, заавал байх нөөц, валютын ханш, мөнгөний нийлүүлэлт гэх мэт үндсэн үзүүлэлтүүдээ л төв банк хангаад явах учиртай. Улсын удирдлагатай Ардын банк гэх ойлголт ард хоцорсон шүү дээ. Тэтгэврийн ч гэлтгүй ер нь зээлүүдийг арилжааны банкуудад, зах зээлийн зарчим, жамд нь даатгах хэрэгтэй.

Эх Сурвалж:ikon.mn

About Author