Энэтхэгт гарсан нипах вирусийн халдварын улмаас Азийн орнууд хяналтаа чангатгаж эхэллээ
Эх сурвалж: gogo.mn
Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.
Энэтхэгийн Баруун Бенгал мужид үхэлд хүргэх аюултай нипах вирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Азийн зарим улс хил, нисэх буудлын хяналтаа чангатгаад байна.
Тухайлбал Тайланд улс Баруун Бенгалаас нислэг хүлээн авдаг гурван нисэх буудалдаа зорчигчдыг шалгаж эхэлжээ. Энэ хүрээнд
- Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид Тайландын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх,
- Тайландын Өвчний хяналтын газар дээрх бүс нутгаас ирсэн зорчигчдын биеийн халууныг хэмжиж, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авч байгааг Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн.
Мөн Балба улс Катмандугийн олон улсын нисэх буудал болон Энэтхэгтэй хиллэдэг авто замын боомтуудад иргэдийг үзлэг, тандалтад хамруулж эхэлсэн байна.
Малайз улсын Эрүүл мэндийн яам эрсдэлтэй бүсээс ирж буй зорчигчдыг хяналтад авч, олон улсын боомтуудад эрүүл мэндийн хяналтыг чангатган нэмэлт арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр арванхоёрдугаар сараас хойш Баруун Бенгал мужид нипах вирусийн хоёр тохиолдол батлагдсан бөгөөд халдвар авсан хүмүүс нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд байсан аж.
Тэдэнтэй ойрын хавьтал болсон 196 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй байна.
Нипах вирус нь амьтнаас хүнд халдварлах боломжтой бөгөөд нас баралтын түвшин 40-75 хувьтай буюу өндөрт тооцогддог. Одоогоор уг вирусийн эсрэг вакцин байхгүй байна.
Эх сурвалж: ВBC