ИНЖЕНЕР: “ДЦС4”-ийн гэмтлийг засварлаж дууссан ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц чадлын дутагдалтай хэвээр байна
Эрчим хүчний системийн горим ажиллагаа болон хязгаарлалтын талаар ДҮТ ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар дараах мэдээллийг хүргэлээ.
Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлын мэдээллийг Диспетчерийн Үндэсний Төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцуулсан юм.
Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар хэлэхдээ “Нэгдсэн сүлжээ ОХУ-аас импортоор 296 МВт-ыг авч байна. Дулааны цахилгаан станцуудын нийлбэр ачаалал 1,144 МВт болсон. Харин салхин цахилгаан станцууд 17 МВт-ыг, нарны цахилгаан станцууд 60 МВт-ыг үйлдвэрлэж байна.
Батарей хуримтлуурын станцуудаас нийлбэр ачаалал нь 44 МВт-ын цахилгаан эрчим хүчнийг авч ажиллаж байна” гэв.
Үргэлжлүүлэн цахилгаан станцад гарсан гэмтлийг засварласан эсэхтэй холбоотой асуултад тэрбээр хариулт өгөв.
-“Дулааны цахилгаан станц 4”-т гарсан гэмтлийг засварласан уу?
-Өчигдөр оройн 17:30 цагт ДЦС4-ийн долдугаар зуухны засварын ажлыг бүрэн дуусгаж, нэгдсэн сүлжээнд залгасан. Одоо тус станц 660 МВт буюу хэвийн горимд ороод байна.
Дөрөвдүгээр цахилгаан станц өчигдөр оройн оргил ачааллын үед бүрэн чадлаараа оролцож,1,708 МВт хүрсэн. Гэвч Бөөрөлжүүтийн цахилгаан станц чадлын дутагдалтай хэвээр байгаатай холбоотой хязгаарлалт үргэлжилсэн. Нийтдээ 200 гаруй МВт-ыг хязгаарлах тооцоололтой байсан. Гэхдээ ДЦС4 маань 100 МВт-аар ачааллыг нэмж авсан учир хязгаарлах чадал багассан байгаа. Үүнтэй холбоотой оройн 22:00 цаг хүртэл 100 орчим МВт хязгаарласан.
-Хоёр цахилгаан станцад гарсан гэмтлийн нэг нь хэвийн болж бүрэн чадлаараа ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн хувьд хэчнээн чадлыг хязгаарлахаар байна вэ?
-Хэдийгээр ДЦС4-ийн гэмтлийг засварлаж дууссан ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хангамж доголдсон хэвээр байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа.
Мөн чадлын дутагдал хэвээр. Одоогоор 150 МВт-ын эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 100-150 МВт орчим хэрэглээг хязгаарлаж, ажиллахаар тооцоо гарч байна.
-Өмнөх хязгаарлалтын чадалтай харьцуулахад буурсан байна. Тэгэхээр хязгаарлах хугацаа болон давтамжийн хувьд багасаж байгаа юу?
-Өмнөх өдрүүдтэй харьцуулбал ойролцоогоор хоёр дахин багассан. Өдөрт нэг удаа таслахаар тооцоолж байна. Үргэлжлэх хугацаа хоёр цаг.
Нийт систем дээр хязгаарлаад оройн 22:00 цаг хүртэл үргэлжлэх болов уу гэсэн тооцоололтой байна. Өнгөрсөн шөнийн хувьд хязгаарлалт хийгээгүй, энэ шөнө мөн хязгаарлалт хийхгүй байх гэсэн тооцоо бий.
-Хязгаарлалтад нөлөөлж буй хэрэглээний ачааллын өсөлт ямар байна вэ?
-Хэрэглээ өндөр байна. Хэрэглэгчид маань өөрт шаардлага багатай цахилгаан хэрэгслүүдээ унтрааж эрчим хүчээ хэмнэж, энэ хүнд үед бидэнтэй хамтарч ажиллахыг уриалъя.
ВИДЕО:
https://www.facebook.com/www.energy.gov.mn/videos/1304722951680234