“ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно”

who7m3_558311778_122228684894257880_8835647740664548193_n_x974

Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх гэж буй.

Нийслэлийн эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж байгаа бөгөөд уг төлөвлөгөө батлагдсанаар гэрээний иж бүрдэлд багтах 12 хавсралт гэрээ, 7 хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, батлах боломж бүрдэж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих бодит механизм бий болох аж.

Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгожээ.

ДЦС-5-ыг барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгарсан билээ.

About Author