1945 оны чөлөөлөх дайны 80 жилийн ойн “Бид ялав” медалийг гардууллаа
Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн явцад Зүүн өмнөд Азид Японы милитаристууд цэрэг техникээр ихээхэн бэхжиж БНМАУ-руу довтлох төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө Дундад Иргэн Улсын зүүн хойд хэсэгт байгуулсан Манжго улсаа түшиглэн байлдааны ажиллагаанд бэлдэж байлаа.

Японы энэхүү түрэмгий ажиллагааг эсэргүүцэн ЗХУ 1945 оны 8-р сарын 9-нд, БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд дайн зарлаж Өвөрмонгол, Хятадыг чөлөөлж , Японы милатаризмыг бут цохиж дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө , шударга хүн төрөлхтний нийтийн үйлсэд болон, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхэд оруулсан үнэлж баршгүй гавьяат үйлсийг 1945 оны чөлөөлөх дайны ялалт авчирсан юм.

Өчигдөр /2026.01.28/ Монгол цэргийн нэгдсэн холбооны төв байранд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон мянга мянган зоригт эрсээ хүндэтгэн тэдгээрийн үргэлжлэл болон эх орныхоо үндэсний аюулгүй, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулсан үр хүүхдүүдэд /ахмад дайчид/ 1945 оны чөлөөлөх дайны 80 жилийн ойн “БИД ЯЛАВ” медалийг гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо 1945 оны чөлөөлөх дайны 80 жилийн ойн “БИД ЯЛАВ” медалийг гардуулах ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “1945 оны чөлөөлөх дайн бол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Дайнд оролцсон баатарлаг эрсийн алдар гавьяаг мөнхжүүлж, мөнхөд дурсах явдал бол бидний мөнхийн үүрэг билээ” хэмээн арга хэмжээнд оролцож буй ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ, залуу үеийн төлөөлөлд баяр хүргэсэн юм.

Чөлөөлөх дайны 80 жилийн ойн “БИД ЯЛАВ” медалийг
МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо,
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал
Ч. Амарболд,
ШШГЕГ-ын бригадын генерал Д.Батжаргал, Дайн энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хурандаа Г.Лүндэн нар ахмад дайчдад гардуулан өглөө.

Хошууч генерал Ч.Амарболд шагнагсадад баяр хүргээд , Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяраар БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, Жанчхүүгийн даваанд болсон тулаанд гарамгай гавьяа байгуулж амь насаа алдсан Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч, Зөвлөлтийн улаан армийн 67 дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх бүрэлдэхүүнд оролцож хүндэтгэл үзүүлсэн болон өөрийнхөө аавыг энэхүү тулалдаанд оролцсон баатарлаг үйлсийг дурссан юм.

Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 33 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож , 1945 оны чөлөөлөх дайнд аав, өвөө нь оролцож ялалт авчирсан баатарлаг дайчдын үр хүүхдүүд, ач зээ нарыг Чөлөөлөх дайны медалаар шагнагдсанд баяр хүргэж, ахмад дайчид ах эгч нараараа бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнөөдрийн энэ баярт мөчид энгэртээ “Ялалтын медаль”-аа гялалзуулан, бид бүхнийхээ бахархал хүндэтгэлийг хүлээн суугаа дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье!

Монгол цэргийн сүлд хийморь, яруу алдар, цог жавхаа үеийн үед үүрд мандан бадрах болтугай!