АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ВЕСТМИНСТЕР САНГИЙН СУДЛААЧ ПЕТР ВАРДЛЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Ардчиллын төлөөх Вестминстер сан (Westminster Foundation for Democracy)-ийн судлаач Петр Вардлег өнөөдөр (2026.02.02) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд судлаач Петр Вардле Монгол Улсын сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүн, томилгоо болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, гадаад хамтын ажиллагааны талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Мөн хоёр улсын сонгуулийн хууль тогтоомж, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцов.
Тэрбээр Английн Сонгуулийн комиссын дарга, гишүүнээр 10 жил ажилласан туршлагатай. Тиймээс сонгуулийн төв байгууллагын ажлын онцлог, төсвийн хараат бус байдлыг хангах, олон нийтэд ил тод байх, сонгууль зохион байгуулах талаар болон улс төрийн намын ил тод байдлыг хангах талаар хоёр улсын туршлагыг ярилцлаа. Тухайлбал, улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад мэдээлэл цуглуулах, боловсруулах, олон нийтэд хүргэхэд технологийн шийдлийг ашиглах талаар улсынхаа туршлагыг хуваалцсан юм.
Монгол Улсын хувьд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангахаар Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод нэгдэж, “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг батлуулсан талаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир мэдээлэл өгөөд улс төрийн намын санхүүжилтийн хяналтын тогтолцоо, цахим системийн туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн сонгуулийн төв байгууллагын институтийн хөгжлийг бэхжүүлэх, Улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн хуулийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын талаар судалгаа хийхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Энэ чиглэлээр Их Британи руу судлаач илгээж ажиллуулах, туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сонгуулийн ардчиллын бэхжүүлэх чиглэлээр залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, чадавхжуулахад Вестминстер сантай хамтран ажиллах талаар ярилцав.
Петр Вардле хамтын ажиллагааны саналыг Английн Сонгуулийн хорооны удирдлага болон өөрийн ажилладаг Вестминстер санд уламжлана гэдгээ хэлэв.
Ардчиллын төлөөх Вестминстер сан нь Лондон хотод байрладаг бөгөөд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн нам, сонгуулийн тогтолцооны ил тод, шударга байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо, төлөөллийн чанарыг сайжруулах, эмэгтэйчүүд, залуус, эмзэг бүлгийн улс төрийн оролцоог дэмжих зорилготой ажилладаг. Тус сангийн судлаач Петр Вардле Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтын санаачилгаар 2026 оны 2 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа юм.