СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг орон даяар зохион байгуулж байгаа.
Стратегийн команд штабын сургуулийг Сонгинохайрхан дүүрэгт өглөөний 06:00 цагт дүүргийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Н.Алтаншагайн захирамжаар эхлүүлж, сургалтад дүүргийн онцгой комиссын гишүүд болон ажиллагааны багийнхан нийт 100-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Сургуулийн бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургууль хийгдэж байна.
Мөн Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дүүрэгт дэлгэж гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг амжилттай явуулсан юм.