СОР17-д оролцогчдод виз олгоход онцгой анхаарахыг хүсэв
Монголд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцох төлөөлөгчдөд виз олгоход онцгой анхаарахыг манай улсад ажлын айлчлал хийж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад хүсэж байна.
Түүнийг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин өнөөдөр хүлээн авч уулзах үеэр энэ хүсэлтээ илэрхийлснийг ГХЯ мэдээлэв.
Дэд сайд Г.Амартүвшин ярихдаа, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, чиг үүргийг тууштай дэмжиж ирсэн улс орнуудын нэг учраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо хүлээн авах шийдвэр гаргаж, энэ оны 8 дугаар сарын 17-28-нд хийхээр бэлтгэж байгаа гэв. Мөн тэрбээр ГХЯ уг бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжиж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүлээн авагч улсаар ажиллах хүндтэй үүргээ биелүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлээ хичээнгүйлэн хангаж буйд талархаад, бага хурлын үеэр зохион байгуулах дээд, өндөр түвшний уулзалтыг 8 дугаар сарын 23-нд хийхээр шийдсэн тухай албан ёсоор мэдэгджээ.