АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй
Эх сурвалж: Өдрийн сонин
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ их товчхон харж байгаа. Тэдэнд айдас алга. Г.Занданшатар Ерөнхий сайдаа хийж байгаад нэр дэвших, эсхүл Шадар сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарын нэг нэр дэвшинэ гэсэн яриатай байна. Өөр хүмүүс бараг гарахгүй байх. Л.Энх-Амгалан юм болгон дээр нэр нь дуулддаг. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэж яриа байгаа ч яах бол. Харин сонгуулиас өмнө Засгийн газар огцорчихвол Г.Занданшатар юу ч үгүй хоцорч мэдэх юм. Тэгсэн ч ганц мань хүн хасагдаад л явчихна, бусад горилогчид дотор бяцхан хөдөлгөөн гарна. Ерөнхий сайд Н.Учрал болж УИХ-ын дарга дээр Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан хоёрын нэг очно. С.Бямбацогт дээрх хоёрын үлдсэнтэй нь ерөнхийлөгчид үзэх байх гэсэн таамаг байгаа. Харин Ардчилсан намын хувьд энэ их маапаантай байгаа. Гэхдээ цаг яагаа ч үгүй байгаа гэдгийг санах учиртай. АН-аас олон горилогч байгаа нь ингэж үзэхэд хүргэнэ. Эдгээр нь намын дарга асан Л.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Б.Ганбат бас гишүүн бус С.Баярцогт нар байгаа юм. Эдгээрийн хэн нь нам дотроосоо гарч ирэхийг хэлэх эрт байна. Энэ бүх нэр дэвшигчдийг өрсөлдөгч МАН зүгээр хараад суухгүй. Эхлээд хоорондоо алалцахыг нь хүлээж байгаа. Тэд ч сураагүй юм биш одоогоос алалцах өнгөндөө ороод эхэлсэн байна. Тэд бие биенээ баас шээстэй нь хутгаж дуусаад хэн ч дахиад өндийхгүй болгоно. Үүнийг л хүлээж байгаа өрсөлдөгч чинь. Тэгэхлээр та бүхэн энэ муухай зангаа болих хэрэгтэй. Гар хугарсан ч ханцуйдаа гэж үг бий. Бас дээр нь Монголын ард түмний хувь заяа гэж нэг юм бий. Та нар хоорондоо алалдах юм бол түүнээс болоод ард түмний ганц найдвар тавин харж байгаа АН-ын нэр хүнд унах юм бол монголчуудад ирээдүй бий гэж үү. Хэрэв ингээд бүтэхгүй юм бол өрсөлдөгч нам чинь та бүгдэд хөөрхөн хэргүүд бэлтгэчхээд хүлээж байх биз. Н.Алтанхуягт “Хөгжлийн банкны” хэрэг, Л.Гантөмөрт “Эр эмийн” хэрэг, Х.Тэмүүжинд “сайн ахын хэрэг” Б.Пүрэвдоржид “Ниссэн хэрэг нь” Б.Ганбатад одоохондоо юм дуулдахгүй байна. Наадуул чинь “Хүн байвал хэрэг олдоно” гэдэг сургаалтай, юухан байх вэ нэг юм олдоно. С.Баярцогтод “Оюу толгойгоос хахууль авсан хужаа” гээд л орилолдоод эхэлнэ. З.Энхболдыг “чөдөрлөчхөөд” байгааг бүгд харж байгаа байлгүй. Иймд АН эдгээр хүмүүсээ хамгаалах талаар дорвитой ажил хийж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нэр дэвшигчээ шударгаар дэвшүүлэх тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Нэг дэвшээд гарсан хүнээ эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байж сонгуульд ялуулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь АН нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалж байхгүй бол “бүгдийг нь хэрэгт холбогдуулж” нэр дэвших боломжгүй болгох тухай яриа гараад байна. Бусад намын хувьд бол нэг их айхавтар “явчих” хүмүүс гарахгүй болов уу гэсэн таамагтай “сонгуульд бэлтгэх” жилийг угтаж байна.