Дорнод аймгийн Халхгол сум руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

images (19)

Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дорнод аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр, 28-наас гуравдугаар сарын нэгний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Одоогоор Халхгол суманд нөхцөл байдал хүнд, цасан шуурга зогсоогүй байна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос 22-ны 18.00 цагаас 24-ний 18.00 цаг хүртэл Халхгол сум руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлав.

Уржигдрын цасан шуурганаар гэрээсээ малын хашаа руугаа орохоор гарсан 71 настай иргэний цогцсыг сая олсон байна. Тодруулбал, гэрээсээ урд зүгт 800 метрт осгож нас барсан олджээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн гол нууруудын мөсний дундаж зузаан цаг уурын хэмжилтийн цэгүүдэд 73-116 см байна. Хэрлэн голын мөсний дундаж зузаан 79 см буюу өмнө оны мөн үеийнхээс 11 см бага, Улз гол уртын дагууд мөсний зузаан нь 70-115 см буюу ноднин жилийн өдий үеийнхээс 6-30 см их байгаа бол Халх голын мөсний дундаж зузаан 100-107 см буюу өмнөх жилийнхээс 13 см-ээр бага, Ялалт багийн орчмоор 13 см-ээр их байгаа юм.

Буйр, Хөх нуурын мөсний дундаж зузаан 99-116 см буюу 2025 оны мөн үеийнхээс 12-21 см их байна.

About Author