Бөөр усжих эмгэг ихсэх хандлагатай байна
Сүүлийн жилүүдэд бөөр усжих эмгэг буюу шээс дамжуулах замын саатлаас үүдэлтэй бөөрний тэлэлттэй өвчлөлийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэхүү өвчнийг анагаах ухаанд гидронефроз гэж нэрлэдэг бөгөөд эрт илрүүлж, эмчлэхгүй тохиолдолд бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр шээсний замын бөглөрөл, бөөрний чулуу, төрөлхийн гажиг, хавдар зэрэг шалтгаанаас үүдэлтэй бөөр усжилт нь насанд хүрэгчид төдийгүй нярай хүүхдүүдэд ч тохиолддог байна.
Дархан-Уул аймгийн дотрын эмч Б.Бямбабаяр “Эрт оношилчих боломжтой эмгэгийг заавал хүндэрсний дараа, бүр хагалгааны заалттай болсон үед нь мэдэж байгаа нь харамсалтай. Бөөр усжих эмгэгийг ураг байх үеэс нь оношилж, хяналтад авах боломжтой. Гэтэл зарим хүүхэд 13–14 нас хүртлээ огт үзүүлж байгаагүйгээс хожуу шатандаа оношлогдож, хагалгаанд орох шаардлагатай болж байна” хэмээн хэллээ.
Түүний онцолсноор гидронефроз нь 3–4 дүгээр шат хүртлээ тодорхой зовуурьгүй тул олон хүн мэдэлгүй удаан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй цаг алдах тохиолдол элбэг байдаг аж. Ялангуяа хүүхдүүдэд шинж тэмдэггүй удаан явж, хожуу үед оношлогдох нь түгээмэл байна.
Иймд эмч, мэргэжилтнүүд жирэмсний үеийн ургийн хяналт, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шээсний замын зовуурь илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандах нь бөөрний үйл ажиллагааг хамгаалах хамгийн чухал арга гэдгийг анхааруулж байна.