Хохирогчийн аав Л.Сүмбанд: Хүүг минь хүмүүс зодож байхад Б.Амарсайхан хараад зогсож байсан байна
Эх сурвалж: Tsahiur.mn
“Говь” ХХК-ийн захирал Б.Амарсайхан энэ сарын 14-нд дахин гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд иргэн Л.Сүмбанд мэдээлэв. Тэрээр хүүгийнхээ зодуулсан зургийн хамт “2026.02.14-нд миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн, хүлээцтэй хараад байтал хохироод үлдэх янзтай” гэсэн байв. Иргэн Л.Сүмбандтай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Хэрэг гардаг орой юу болсон талаар хэлж өгөхгүй юу?
-Хоёрдугаар сарын 14-нд болсон үйл явдал. Хүү маань Б.Амарсайхантай өмнөх хэргийн талаар маргалдсан юм байна. Канте гэх тэр бааранд өмнөх хэрэг гарсан шүү дээ. Б.Амарсайхан тэнд дахин явж таарсан. Хүү маань өмнөх хэргийн хохирогч Д.Саяннямбуугийн найз юм. Маргалдаад л удалгүй хүү минь хүмүүст зодуулчихсан. Хүү тэр хүмүүсээс нэгийг нь ч танихгүй. Яг тэр үед Б.Амарсайхан өөрөө хараад зогсож байсан. Ерөөсөө л маргалдаад араас нь хүмүүс явуулаад зодуулчихсан.
-Хүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ?
-Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Гэрээр хэвтрийн дэглэмтэй байгаа. Зөвхөн нүдэндээ гэмтэл аваад зогсохгүй тархиндаа ч бас авсан бололтой. Нарийн дүгнэлт удахгүй гарах байх.
-Та “хохирч үлдэх янзтай” гэж тайлбарласан нь ямар учиртай вэ?
-Би нэлээд хэд хоног хүлээцтэй харлаа. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт Идэр гээд байцаагч дээр шалгагдаж байгаа. Цагдаагийнхан камерын бичлэг зэргийг авсан л байх. Гол нь саяхнаас Б.Амарсайханы өмгөөлөгчид “Б.Амарсайхан энэ хэрэгт ямар ч холбоогүй” гэж удаа дараа ярих боллоо. Үүнд маш их эгдүүцэж байна.
-Зодоонд Б.Амарсайхан өөрөө оролцоогүй юм байна шүү дээ, тэгэхээр та ямар үндэслэлээр ингэж хардах болов?
-Ойлгомжтой шүү дээ. Хоёулаа маргалдсан. Хүү маань найзыгаа өмөөрсөн. Удалгүй огт танихгүй хүмүүс ирээд шууд зодсон. Дэргэд нь Б.Амарсайхан өөрөө хараад зогсож байсан байна. Үүнээс өөр ямар баталгаа байх вэ.
Аргаа бараад хүүгийнхээ зодуулсан зургийг сошиал сүлжээнд оруулж, та бүхнээс тусламж хүсч байна шүү дээ. Ямар ч хүн үр хүүхдээ нүд хальтиртал зодуулсан байхыг хараад зүгээр суухгүй шүү дээ гэв.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд прокурор зөвшөөрөл хүлээгдэж байна” гэв.