“Ногоон автобусны” хэргээр шалгагдаж байсан Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогджээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх болон ажлын албаны даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг томилжээ.
Тэрбээр НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны даргаар ажиллаж буй бөгөөд “Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан билээ. Нийт уг хэрэгт холбогдуулан 24 хүнийг яллагдагчаар татаж байснаас Ж.Сандагсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байхад нь үүссэн “Ногоон автобусны” хэргээр АТГ түүнийг шалгаж, өөрөө ч 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжид гарын үсэг зурснаа хэлсэн байдаг. Гэсэн ч уг хэргээс нэр нь “мултарч” НИТХ-д нэр дэвшин СХД-ээс сонгогдсон юм.