Шинийн 1-нд Монголын үндэсний телевизээр хар тамхичин заларч монголчуудыг доромжиллоо
Эх сурвалж: Өдрийн сонин
Шинийн нэгэнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр 21 аймгийн төлөөлөл болсон нөхдүүд “Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн зочин хойморт залардаг. Уг нэвтрүүлгээ үндэсний телевизийнхэн өөрчлөхгүй бол ямар ч утгагүй, үр дүнгүй, үздэг ч хүнгүй болсон. Аймгийн засаг ноёд, мөн тухайн нутгийн гаралтай төрийн түшээд гээд байдаг л хэдэн хүн, ихэвчлэн бөх тэх, дуучин хуурчин, уяач, морь цоллооч, тамирчин сууж байх жишээний.
Энэ тухай эдийн засагч Р.Даваадорж “Аймаг бүрийн “мундагчуул”-ыг цуглуулсан нэвтрүүлгийг харав. Тэнд нэмүү өртөг бүтээдэг нэг ч хүн алга. Судлаач алга, инженер алга, багш алга, бизнес эрхлэгч алга. Орилж чарладаг, барилдаж, архиддаг хүмүүс цуглажээ. Оюун санаа биш, булчин бас балмадууд өсөж үржих нийгмийг бид тарьж байна. Монголчуудыг хүчирхэг болгох биш мэдлэггүй, зорилгогүй, маанаг болгох бодлого хэрэгжиж байна. Үндэстэн ингэж л мөхдөг” гэж бичсэн.
Р.Даваадоржийн хэлсэн үнэхээр үнэн. Үндэсний телевизийн цагаан сарын энэ нэвтрүүлэг үндэстний мөхөл шиг санагдахаар байгаа. Аймаг бүрийн зочдын дотор өнөө жил хар тамхичин уригдсан нь монголчуудыг асар их доромжилсон явдал боллоо. Булган аймгийнхны хойморт хар тамхи татсан хэргээр ял авч шоронд хоригдож байсан хоригдол Б.Амархүү уригдлаа. Тухайн нэвтрүүлгийг бэлдэж байгаа багийнхан, найруулагч, редактор хүмүүс нь хариуцлагатай баймаар байна. Хар тамхичин, шоронгийн хоригдлыг Шинийн нэгний өглөө цэнхэр дэлгэцийнхээ хойморт залаад, тэр нь Булган аймгийнхны шүтээн гээд уригдаад сууж байхаар бид мөхөж буй үндэстэн болохоос өөр яах юм бэ.
Хар тамхичинг зурагтаар, хэвлэл мэдээллээр сурталчилж гаргахыг хориглох ёстой. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан хатуу байр суурьтай байх ёстой. Мөн Булган аймгийнхны зочдын дунд “Хар сарнай”-гийн Амараа хар шилтэйгээ сууж байсан. Арай бас татдаг юм биш байгаа даа гэх хардлагыг төрүүлснийг нуух юун.