“Монголчууд үүдэл эсээр чихрийн шижинг эмчлүүлэхээр их ханддаг”
Эх сурвалж:Nnews.mn
Япон улсын Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвийн ерөнхий захирал Нобушигэ Казүкитай ярилцлаа.
-Та өөрийгөө болон Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвөө танилцуулахгүй юу. Монгол Улсад анх удаа ирж байна уу?
–Намайг Нобушигэ Казүки гэдэг. Монгол найзуудынхаа урилгаар Монгол Улсад анх удаа ирж байна. Учир нь Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвөөр монголчууд байнгын үйлчлүүлдэг учраас Монгол орныг үзэхээр зорин ирсэн юм.
Манай “АS” буюу “Медикал Суппорт” групп нь Японы тэргүүлэх дэвшилтэт биотехнологийн компаниудын нэг бөгөөд судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, борлуулалт, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ хүртэл нэгтгэсэн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Японы үүдэл эсийн зах зээлд тэргүүлэх байр эзэлдэг гол компани бөгөөд “Кюүшюү” үүдэл эсийн эмчилгээний төвийн үүсгэн байгуулагч гэдгээрээ танигдсан.
Өндөр чанартай үүдэл эсийн бүтээгдэхүүнийг Японы өнцөг булан бүрд хэдэн зуун нөхөн сэргээх эмчилгээг клиник рүү нийлүүлдэг.
Бид шинэлэг санаагаар хөгжилд түлхэц өгч, хариуцлагатайгаар эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтлан Японы нөхөн төлжүүлэх эмчилгээний салбарыг дараагийн шинэ шат руу удирдан хөгжүүлсээр байна. Манай групп нь Япон улсын Токио, Осака, Кюүшюү, Фүкүока хотод салбартайгаас гадна Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод салбар ажилладаг юм. Манай их бүрэн төв 2017 онд байгуулагдсан бөгөөд нийт 60 гаруй эмч, мэргэжилтэнтэй. Төв маань нэг жил ойролцоогоор 20 мянган хүнд үүдэл эсийн эмчилгээг хийх хүчин чадалтай бөгөөд жилд 6-8 мянган өвчтөнд энэ төрлийн эмчилгээг хийдэг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 50 мянган өвчтөнд энэ төрлийн эмчилгээг хийсэн байна.
-Уншигчдад ойлгомжтой байх үүднээс үүдэл эс гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгөөч. Энэ онцгой эсийг хэрхэн эмчилгээнд ашигладаг вэ?
-Хүний бие нь ойролцоогоор 60 их наяд эсээс бүрддэг бөгөөд эдгээр эс тус бүр нь булчин, мэдрэлийн эс зэрэг үүрэгтээ нийцсэн онцлогтой. Тэр дунд өөр эс болон хувирах, өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай онцгой эс байдаг. Үүнийг үүдэл эс гэж нэрлэдэг. Үүдэл эсийн эмчилгээ нь инновацын эсийн технологийг ашиглан, ялгарах болон нөхөн төлжүүлэх чадвартай үүдэл эсийг ашиглаж, биеийн бүх эсвэл тодорхой хэсгийн үйл ажиллагааг сэргээж, өвчин эмгэгийг эмчлэх арга юм. Жишээлбэл, чихрийн шижингийн өвчтэй хүн үүдэл эсийн эмчилгээг хийлгэх бол 3-6 удаа хийлгэх шаардлагатай.
Одоогоор өргөн хэрэглэгдэж буй нь өөрийн өөхөн эдээс гаргаж авсан мезенхимийн үүдэл эсийн эмчилгээ бөгөөд аюулгүй байдал өндөр, хамрах хүрээ өргөн байна.
Дэлхий дахинд хийсэн үүдэл эсийн судалгааг харвал, мэдрэл, амьсгал, хоол боловсруулах, дархлаа дэмжих, арьсны өвчин, нөхөн үржихүй, шээсний замын өвчин, дотоод шүүрэл, зүрх судасны өвчин, булчингийн болон ясны өвчин, шүдний өвчинг эмчлэхэд ашиглаж байна. Тухайлбал, АНУ, Канад, Япон, Энэтхэг, БНСУ болон Европын эмийн агентлаг эмчилгээнд ашиглаж байна.
-Монгол Улсын томоохон эмнэлгүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж байна. Япон улсын хувьд үүдэл эсийн эмчилгээг хэзээнээс нэвтрүүлж, ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Япон улсад анх 20-иод жилийн өмнөөс үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн гэж үздэг. Харин 15 жилийн өмнө энэ төрлийн эмчилгээний тухай хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Манай Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төв нь PMDA-гийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөл авсан бөгөөд ингэхдээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн идэвхжүүлсэн NK эсийг ашигласан эсийн эмчилгээ болон өөрийн өөхөн эдээс гаралтай үүдэл эсийг ашигласан архаг өвдөлтийн эмчилгээ хийх зөвшөөрлийг авсан.
Энэ хүрээндээ хүмүүст үс ургуулах, арьс нөхөн төлжүүлэх, бэлгийн сулралын эсрэг эмчилгээ, нугасны гэмтлийн эмчилгээ, чихрийн шижингийн эсрэг эмчилгээ, шүдний яс болон буйлны нөхөн төлжүүлэх эмчилгээ, үе мөчний үрэвсэлт өвчний эмчилгээ, тархины судасны эмгэгийн эсрэг үүдэл эсийн эмчилгээг хийдэг.
-Үүдэл эсийн эмчилгээ анагаах ухаанд хамгийн нарийн технологиудын нэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь энэ төрлийн эмчилгээний үр дүн хэр сайн байдаг бол?
-Япон улсын Осакагийн их сургууль болон Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны эсийн төвтэй хамтран хөгжүүлсэн технологид үндэслэн боловсруулсан эс нь мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүмүүст буюу харвалтын дараах хүндрэл, алцхеймерийн өвчин болон үе мөчний өвчтэй хүмүүст зориулагдсан.
Энэхүү үүдэл эс нь дэлхийд цор ганц бөгөөд манай төвийн онцгой патенттай генийн засварыг гурав дахин нэмэгдүүлдэг эс гэдгээрээ онцлог.
Осакагийн их сургуультай хамтран судалгаа, хөгжүүлэлт хийж, гэмтсэн эд эрхтнийг нөхөн сэргээхэд зайлшгүй шаардлагатай элэгний эсийн өсөлтийн хүчин зүйлийг ашиглан гаргаж авсан эс юм. Нас болон архаг өвчний байдлаас үл хамааран үүдэл эсүүдийг залуу насны үеийнхтэй адил өндөр нөхөн төлжих төлөвт оруулах боломжтой.
-Анагаах ухааны нарийн дэвшилтэт технологи ашигладаг гэдэг утгаараа эмчилгээний өртөг өндөр байх. Эмчилгээний зардлыг мөнгөн дүнгээр хэмжвэл?
-Энэ төрлийн эмчилгээний хамгийн үнэтэй нь 3.5 сая иен хүртэл байдаг. Монгол мөнгөөр шилжүүлбэл, нэг удаагийн эмчилгээ нь 80 сая төгрөг, онцгой үйлчилгээтэй үүдэл эсийн эмчилгээ нь нэг удаагийнх нь 125 сая төгрөгийн үнэтэй. Гурван удаагийн үүдэл эсийн эмчилгээ нь 240 сая төгрөг болно.
-Монгол Улсад энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлэхэд юун дээр илүүтэй анхаарах шаардлагатай гэж зөвлөх вэ?
-Юуны түрүүнд улсдаа үүдэл эсийн эмчилгээг хийх хууль эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлж өгөх нь чухал. Тэгэхгүй бол тухайн өвчтөний биеэс үүдэл эсийг салгаж авах бус хөлдүү, чанаргүй үүдэл эсээр эмчилгээ хийж, янз бүрийн өвчин үүсгэх эрсдэл үүснэ. Тийм учраас анхнаасаа маш сайн хууль баталж, хэрэгжүүлж чадвал сайн чанарыг эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлж чадна. Япон улсад анагаах ухааны чиглэлээрх судалгааны байгууллагыг дэмжиж, хяналт шалгалтыг маш сайн тавьдаг.
Монголчуудын хувьд Япон улсад зорин очиж, энэ төрлийн эмчилгээг авах хүсэлтэй хүн олон болж байна. Ялангуяа чихрийн шинжинтэй хүмүүс их ханддаг. Бараг сар бүр тогтмол эмчилгээ хийлгэдэг хүмүүс ч бий. Тийм учраас аль оронд очсон энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг нь сайтар судалж, тус улсынхаа холбогдох хуульд нийцсэн эсэхийг нягталж байхыг хүсье. Үүдэл эсийн эмчилгээг маш өндөр хяналттай, найдвартай газраас авах ёстой. Манай төвийг зорин ирвэл хэзээд хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлье.
“АS” группийн 8 давуу тал
- Японы хамгийн том эс өсгөвөрлөх төв /Эс өсгөвөрлөх, боловсруулах төвийн нийт талбай 1000 м.кв/
- Зах зээлийнхээ тэргүүлэгч /Японы үүдэл эс нийлүүлэх зах зээлийн 66.3 хувийг эзэлж, салбартаа тэргүүлэгч /
- Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй /Японд ганц, маш бага температоурт дээж хадгалах сав хоёр байдаг үүдэл эсийн төв/
- Хамгийн өргөн хүрээтэй үүдэ эсийн эмчилгээний хөтөлбөр /Архаг өвдөлт, нугасны гэмтэл, элэгний үйл ажиллагааны алдагдал, тархи судасны өвчин, чихрийн шижин, бэлгийн сулрал, хөгшрөлтийн эсрэг эмчилгээ зэрэг олон өвчинг эмчилнэ/
- Хамгийн орчин үеийн технологи ашиглана /Хэвлийн өөх болон амны салстаас эс авч, эсийг салгахдаа ферментгүй тусгай суурь бодис ашиглана. Гурван удаагийн шилжүүлгээс хэтрүүлэхгүй өсгөнө. Амьд эсийг шинээр тарина/
- Хамгийн аюулгүй эс өсгөвөрлөх арга ашиглана /Өөрийн цусанд суурилсан өсгөвөр бөгөөд фенол антибиотик болон дитетил сульфексид ашиглахгүй/
- Эсийг өсгөвөрлөх хамгийн орчин үеийн стандарт /Үйлдвэрлэлийн зохистой дадал стандартын шаардлагад нийцсэн/
- Хамгийн өндөр эсийн амьдрах чадвар /Хамгийн өндөр хяналтыг мөрдөж, тарилгын захиалга бүрт шинэхэн эсийг тусгайлан өсгөнө. Эсийг ялган авснаас хойш 48 цагийн дотор тарьж хэрэглэснээр эсийн амьдрах чадварыг 98 хувиас дээш түвшинд хадгална/