Д.Амарбаясгалангийн мэдэгдэл хийгээд цаашдынх нь улс төр юу байх вэ
Эх сурвалж: ZUV.MN
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан “Хуулийн байгууллагад яллагдагчаар татагдсан” гэдэг үндэслэлээр МАН-ын гишүүнчлэлээ түдгэлзүүлэх гишүүдийн тоонд ороод байгаа билээ. Түүнээс гадна УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Бага хурлын гишүүн асан А.Амундра нарын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх саналыг намын дарга Н.Учрал Хяналтын ерөнхий хороонд гаргасан бөгөөд хурлаа хүлээж буй.
УИХ-ын даргын албан тушаалаа өгсний дараа хэсэг чимээгүй болсон. Хөдөө сумдаар явж байгаа сураг сонсгож байсан тэрбээр эх орончдын баярын өмнөхөн мэдэгдэл гаргаж, түүндээ
“…Өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна.
…Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.
…Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно” гэсэн эрс шийдмэг байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэрбээр намын даргын сонгуульд өрсөлдөж байхдаа МАН-ыг нэг хүний биш, нийтийн байгууллага хэвээр үлдээхийн төлөө даргын сонгуульд өрсөлдөж байна гэж байсан бол энэ удаад “Өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна” хэмээгээд, хэлмэгдүүлж шахахыг хүлцэхгүй гэжээ.
Үүний тулд түүнд хоёр зам бий. Эхнийх нь, нам дотроо тэмцэх, хоёр дахь нь гарч байгаад тэмцэх. Намын дүрэмд зааснаар Шүүхийн шийдьвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол намын гишүүнчлэлээс хасаж болохгүй. Д.Амарбаясгаланг одоогоор Прокурор яллагдагчаар татсан гэдэг үндэслэлээр түдгэлжүүлсэн. Хэрэг шийдэгдсэний дараа гишүүнчлэлээ сэргээх боломжтой.
Харин шийдэхгүй сунжирвал намаасаа гарч байгаад тэмцэх боломж нь ч нээлттэй бий.
Хэрвээ тэгвэл МАН хуваагдаж, Монголын улс төрд маш онцгой үйл явдлын эхлэл болж ч мэдэх сэтгэгдлийг төрүүлж байна. Учир нь, Н.Учрал нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх талаар зарлахад олон хүн алга ташсан ч дотроо дургүйцсэн, “Намаасаа гарч, нам байгуул” гэж зөвлөсөн нь ч олон байсан юм.
“МАН хуваагдана” гэдэг төсөөлөхөд бэрх, хол хөндий сонсогдож байгаа ч наанаа л тэгж харагддаг болохоос цаанаа тийм асуудалтай нэг бус удаа тулгарч байсныг Ц.Сандуй тэргүүтэй нэг бус хүн батлан ярьсан байдаг.
Түүнчлэн, нам доторх тэмцэлд Д.Амарбаясгалан давуу талтай байх үед нөгөө талын Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Б.Хэрлэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир нар Хяналтын ерөнхий хороо Б.Энхбаярыг намын гишүүнлэлээс хасах шийдвэрээ эргэж харахгүй бол “Бид ч бас намаасаа гарна” гэж мэдэгдэж байсан билээ.