Иргэд: Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, оочер дийлдэхгүйн зовлон дээр нэмээд эм тариа нь тасарчихаар бид яах болж байна вэ
Эх сурвалж: Өдрийн сонин
Улсын эмнэлгүүдийн эм тариа, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муугаас болж иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа асуудал үүсээд буй юм. Тэгвэл бодит байдал дээр ямар байгааг сурвалжлахаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо. Эмнэлгийн нарийн коридороор явсаар эмчийн үзлэгийн оочероо хүлээж буй ахимаг насны эмэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр Нэгдүгээр төв эмнэлгийн эм тариа, багаж хэрэгсэл тасалдаж буйд ихэд бухимдангуй байсан юм. Учир нь тэрбээр сүүлийн гурван сарын хугацаанд байнга эмнэлгээр явж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтээд зүү тариур, наалтнаас эхлээд бүх зүйлээ гаднаас худалдаж авч байгаа гэнэ. Энэ талаар үргэлжлүүлэн “Бид даатгалыг ямар учраас, юуны төлөө төлдөг вэ гэдгийг ойлгодоггүй юм шиг байна. Гэтэл одоо даатгал төлөөд ямар ч нэмэр алга. Зүү, тариураа авч дийлэхгүй улсын эмнэлэг гэж байх уу. Ер нь бүх улсын эмнэлэг адилхан болчихсон юм биш үү. Миний хувьд өвөлжингөө эмнэлгээс салаагүй. Дотор эрхтний асуудалтай болоод удаж байгаа юм. Цагаан сараас өмнөхөн энэ эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэх гээд хэвтсэн юм. Тэгэхэд лав эмнэлгийн нөөц дууссан гээд хэрэглэдэг дусал тариа, наалт, зүү тариураас эхлээд бүгдийг нь гаднаас худалдаж авсан.
Эм тариа нь байхгүй юм аа гэхэд ядаж зүү, тариур нь байх ёстой биз дээ. Гадуур чинь их үнэтэй зарагдах юм. Эмнэлэгт хэвтэх хугацаандаа нэг сая орчим төгрөг зарцуулсан байна лээ. Тэтгэврийн зээлгүй болохоор тэтгэврээрээ л болгосон доо. Саяхан энэ эмнэлгийн эмч нар хэвлэлийн хурал хийж байхыг харсан. Яг дотроо байгаа асуудлуудаа л ярьж байгаа байх. Ер нь эмнэлгийн хамгийн хүнд хүчир ажлыг эмч, сувилагч нар л хийдэг. Хамгийн гол нь дээр ажиллаж байгаа сайд, дарга нар нь л хийх ёстой ажлаа хийдэггүй юм шиг харагдаад байгаа юм. Сандал суудал, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй юм болохоор ядарсан, өвдөж шаналсан иргэдээ л дарамталж байх шиг. Даатгалын сан нь дампуурсан ч гэл үү. Ямартаа ч улсын эмнэлгүүд нь наад захын ч хэрэглэгдэхүүн, багажгүй болчихсон гэсэн яриа дуулдаж байна” гэсэн юм.
“Монголчуудын эрүүл мэнд улстөрчдийн тоглоом болоод дууслаа”
Үргэлжлүүлэн хоёр давхарт оочероо хүлээж суугаа дунд эргэм насны эрэгтэйтэй ярилцсан юм. Түүний хувьд эмнэлгийн үйл ажиллагаанд үүсээд буй асуудлын учир шалтгааныг улс төрийн томилгоо, албан тушаалын асуудалтай холбон ярьж байлаа. Тэрбээр “Манай улс нийтээрээ засаглалын буруу тогтолцоонд орсон. Хэн нь албан тушаалаа солив, оронд нь өөрийнхөө хүнийг томилдог тийм л тогтолцоо манайд бий болчихсон. Үүний хар гай нь одоо эмнэлгийн салбарт ирж байна шүү дээ. Өмнө эрүүл мэндийн сайд байсан Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн хоёр чинь л хоорондоо үзэлцээд байдаг юм биш үү. Бүү мэд. Ер нь монголчуудын эрүүл мэнд улстөрчдийн тоглоом болоод дууслаа. Аргаа бараад саяхан Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар үгээ хэлж байгаа харагдана лээ. Багаж хэрэгсэл байхгүй юм чинь яаж эмнэлгийн үйл ажиллагаа явагдах юм бэ. Иргэд хэд ирж, хэд буцах вэ дээ. Эмнэлгийн ор хүрэлцдэггүй, оочер дийлддэггүй, дээр нэмээд эм тариа нь тасарчихаар иргэд бид яах болж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс гаднаас эм тариагаа худалдаж аваад их хэцүү байдаг юм шиг байна лээ. Амьд байхын тулд аргагүйн эрхэнд авч байгаа байх л даа. Гэхдээ авч чадахгүй хүн зөндөө байгаа. Энэ мэт асуудлуудаа хурдан шийдэж, эмнэлгийн үйл ажиллагаагаа хурдан жигдрүүлэхгүй бол иргэд нь өвчиндөө нэрвэгдэж дууслаа” хэмээв.
“Улсын эмнэлэг учраас зардал багатай байх гэж бодсон ч үгүй юм байна”
Мөн хөдөө орон нутгаас ирж эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн А.Төмөрхүүтэй ярилцсан юм. Түүний хувьд улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд мөнгө төгрөг бага ордог гэж бодсон ч зарлага их гарч байгааг онцолсон юм. Тэрбээр “Орон нутагтаа үзүүлэхэд нарийн шинжилгээ хийх боломжгүй гээд хот руу явуулсан. Улсын эмнэлэг учраас зардал багатай байх гэж бодсон ч үгүй юм байна. Нэг удаагийн тариур, дуслын систем, наалт зэргийг өөрсдөө бэлдэж ир гэсэн” гэв. Түүний хэлснээр, хөдөө орон нутгийн иргэд мэдээлэл дутмаг байдгаас гадна хотод ирээд хаана, хэнд хандахаа мэдэхгүй цаг хугацаа алдах нь элбэг аж. Мөн “Бидний хувьд танил тал байхгүй болохоор эмнэлгийн оочер их байдаг. Хотод ирэхээсээ нэлээн хэд хоногийн өмнө л цаг авахгүй бол болдоггүй юм билээ” гэв.
Мөн бөөрний архаг дутагдлын улмаас сар бүр тогтмол хяналтад ордог иргэн С.Баяртулгатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр сард 3-4 удаа 85 мянган төгрөгийн үнэтэй эм тариагаа гаднаас худалдаж авч хийлгэдэг нь санхүүгийн хувьд хүндрэлтэй тусдаг гэдгээ нуусангүй. Гол эм тариануудаа гаднаас авдаг ч Нэгдүгээр төв эмнэлэгт зарим өдөр нөөц дууссан гэдэг шалтгаанаар зүү, тариураа хүртэл гаднаас авч ордог гэв. Энэ нь өндөр үнэтэй эм тариа худалдаж авдаг түүнд бүр л санхүүгийн дарамт үүсгэх нь мэдээж.
Ийнхүү эмнэлгийн коридорт иргэдтэй ярилцаж байх зуур хүлээлгийн сандал дүүрч, зарим нь зогсоогоороо дугаарлаж байгаа харагдлаа. Иргэдийн хувьд тодорхой нэр төрлийн эм, тариа тасалдаж, зарим тасагт орны хүрэлцээ муу, эмчилгээний хуваарь хойшлох тохиолдол байнга гардаг гэдгийг онцолж байлаа. Тасалдсан эм тариагаа санхүүгийн боломж нь таарвал өөрсдөө худалдаж авч, харин боломжгүй бол эрүүл мэндээрээ хохироод үлддэг гэдгийг ч иргэд хэлж байв.