Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн институцийг “ХААН” болгох чөтгөрийн атга санаархал удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ
Эх сурвалж: Zuv.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль санаачлан олон нийтэд танилцуулсан. Тэгвэл Үндэсний эвсэлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр,
“Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашгийн баталгаа нь нэг хүний эрх мэдэл бус, харин ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламент бөгөөд парламентын засаглал нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.
Энэ бодлогыг удирдлага болгон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлыг 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.
Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба Парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх “ЭЗЭН” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өнөөдөр хэвээр байна.
Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойших бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автсаар төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” чөтгөрийн атга санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.
Энэхүү зөрчил тэмцлийн хүрээнд Монголын ард түмний бүрдүүлсэн парламентын эд, эс болсон Улсын Их Хурлын гишүүдийн санал, шийдвэрт чөлөөтэй оролцох дархлааг сулруулах оролдлогууд гарч ирсэн. Захиалгат хэвлэл мэдээллээр гишүүдийн нэр хүндийг унагах, бүр цаашлаад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрүүд гарч байсан. Монголын улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод бодлогын мэтгэлцээнээс илүү далд атгаг санаа, бэртэгчин зан үйлдлээр хөгжиж ирсэн нь үүний гэрч юм.
“Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй…”–н адилаар миний хувьд ч заримдаа үнэн байж эрх мэдэлтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга.
Мэдээж парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэлд олон адил зэвүүцэл ч төрдөг. Гагцхүү миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэл хүчний өмнө сөхрөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээлдэж, “хонгилдуулдаг”, улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино.
Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил, тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.
“Ёс зүйн алдаа” гэх тодорхой бус харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.
“Нохой зассан эзэндээ янаг” гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд ҮХЦ-ийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тоомилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг би өөрийн биеэр гэрчилсэн.
Эцэст нь хэлэхэд миний илэрхийлсэн энэхүү байр суурь нь зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэх дан зорилготой бус юм. Харин хөгжил дэвшлийг хүссэн ард иргэдийнхээ итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд хандан нэгийн эргэцүүлж бодох, алдаа дутагдлаа засах, төрийн ажлыг илүү хариуцлагатай ажил хэрэгч байдлаар авч явах учиртайг бүгд санах ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна” гэжээ.