Хавтаст хэрэг: Д.Кёкүшюзанбатбаяр төрийн өндөрлөгүүдийн хуурамч гарын үсгээр 32 тэрбумыг залилсан түүх
БНХАУ-ын иргэн Вү Сен Чангаас “Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, Гашуун сухайтаас-Ганц мод хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж 12,431,810.65 ам.доллар буюу 32,713,190,850 төгрөгийг Д.Кёкүшюзанбатбаяр, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар залилан мэхлэх замаар авсан байдаг.
Эл мөнгийг 2009-2014 оны хооронд хэд хэдэн удаа цувуулан авчээ.
Анхан шатны шүүхээс: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нарыг, мөн Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндорж нарыг “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү Сэн Чиангийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж дүгнэжээ.
“Евроази интернейшнл инвестмент групп” ХХК болон Вү Сэн Чианг нарын холбоо хамаарлыг тогтоосон баримт байхгүй. 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Мөнгөн шилжүүлгүүд дандаа хувь хүмүүс хооронд шилжсэн учир “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-ийг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. ” хэмээн дүгнэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл хохирогчийг зөв тогтоогоогүйгээс залилах гэмт хэргийн шинж хангагдаагүй байх тул шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Батболор 2023 оны 04 сарын 06-ны өдөр ийм тогтоолыг гаргасан.
Эл хэргийн талаар чухам юу өрнөж ирсэн талаарх мэдээллийг хэргийн мөрөөр хүргэж байна.
–Вү Сен Чиангийг настай эмэгтэй Н.Болормаатай, Н.Болормаа Д.Кёкүшюзанбатбаярыг, Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндоржтой танилцуулж байжээ-
-2006-2007 онд “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү Сэн Чиангийг нэгэн настай эмэгтэй Н.Болормаатай танилцуулжээ. Вү Сэн Чианг хожмоо шүүх хурал дээр “тухайн настай эмэгтэйг хэн гэдгийг санахгүй байна” гэж мэдүүлсэн байна.
-2009 онд жилийн дараа Н.Болормаа нь Вү Сэн Чиангийг Кёкүшюзанбатбаяртай танилцуулсан байна. Тэднийг Төрийн ордны ойролцоох кофе шопт уулзуулсан бөгөөд тухайн үед Д.Батбаяр өөрийгөө “УИХ-ын гишүүн ҮАБЗ-ийн гишүүн” гэсэн гэдэг. Улмаар анхны уулзалтаараа “Хөрөнгө мөнгөтэй бол Замын-Үүд чөлөөт бүсэд казино байгуулах лотто хийх төсөлд хөрөнгө оруулах” саналыг шууд тавьж эхэлж байжээ.
-2010 онд Вү Сэн Чиангийг Кёкүшюзанбатбаяр “Сайхан туурь ордос” ХХК-ийн захирал Б.Цэрэндоржтой танилцуулсан байна. Ингэхдээ “Энэ хүнтэй Гашуунсухайт-Ганц мод боомтыг холбосон туузан дамжуургын төсөл хамтран хэрэгжүүлэх боломжтой” гэжээ.
Энэхүү дөрвөн хүний танилцсан түүх товчхондоо ийм.
-Д.Кёкүшюзанбатбаяр “Миний хүүгийн нэрийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгч байсан. Бид маш дотно” гэх байдлаар Вү Сен Чиангийн итгэлийг олжээ-
2010, 2011 оны үес Д.Кёкүшюзанбатбаяртай Вү Сэн Чиангийг Төрийн ордонд оруулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарын албан өрөөнд маш богино хугацаанд уулзуулжээ. Тав тавхан минутын хугацаанд уулзаад гарсан байдаг.
Вү Сэн Чиангийг асар богино хугацаанд тэдгээр өндөрлөгүүдтэй уулзуулахад тэд “төслийг дэмжиж байна, хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ” гэхчлэн үгсүүд хэлж гаргасан гэдэг. Төслүүдийнхээ талаар тодорхой зүйл ярилцаагүй байна. Тухайн уулзалтуудад Д.Кёкүшюзанбатбаяр биечлэн байлцсан зураг өдгөө нотлох баримтад хавсран үлдээсэн байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзуулах үеэр Д.Кёкүшюзанбатбаяр “Миний хүүгийн нэрийг ерөнхийлөгч өгч байсан. Миний хүүгийн хуурай аав. надтай маш дотно байдаг тул энэ төслүүд дээр дэмжинэ” гэх зүйлсийг ярьж итгэлийг нь бүр ч олж байжээ. “Кёкүшюзанбатбаяр ерөнхийлөгч гэх намхан хүнтэй намайг уулзуулсан, нэрийг нь мэдэхгүй” гэсэн байна.
“Эдгээр үгс нь мөнгөө итгэж өгөх үндэслэл болсон” гэж хохирогч гэрчийн мэдүүлэг өгөхдөө ярьсан аж.
-Ц.Элбэгдорж, Сү.Батболд, Н.Алтанхуяг, М.Энхболд нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн баримтууд-
Хамгийн ноцтой нь эл хэрэгтээ тухайн үеийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Ерөнхий сайд Сү.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, БОАЖ-ийн сайд Л.Гансүхийн нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн баримт бичиг ашиглахаас гадна Засгийн газрын тамга дарсан нь анхаарал татдаг.
Тодруулбал, БНХАУ-Монгол Улс хоёрын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүд олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээгээ үйлджээ.
Ерөнхий сайд Сү. Батболдын гарын үсэг бүхий: Замын-Үүд чөлөөт бүсэд бүтээн байгуулалт хийхээр гэрээ байгуулсан Ву Сэн Чиангд 80 жил газар эзэмшүүлэх эрхийн бичиг
Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах үүрэг, хариуцлагын харилцан охиролцсон гэрээ
Шадар сайд М.Энхболдын гарын үсэг бүхий: Ву Сэн Чиангд “Тавантолгой” орд газраас 63 хувийг эзэмшүүлэхээр Засгийн газар болон УИХ хэлэлцэж байна гэх агуулгатай бичиг
Мөн Монголбанк, БОАЖЯ болон хэд хэдэн яамны нэрийн өмнөөс баримт бичгүүдийг ч хуурамчаар үйлдсэн байдаг аж.
Эдгээр албан бичгүүдээ Кёкүшюзанбатбаяр Вү Сэн Чиангд өгөхдөө дандаа Н.Болормаагаар дамжуулдаг байсан бөгөөд “УИХ-ын гишүүн Д.Батбаяр өгч байна” гэж хэлүүлдэг байжээ. Буцааж мөнгө авахдаа ч өөрөө үзэгдэж харагддаггүй, Н.Болормаагаар дамжуулан авдаг байсан аж.
Вү Сэн Чианг “албан бичгүүдийг эх хувилбар биш хуурамч гэдгийг нь мэдээгүй. Өгсөн баримт бүрийг нь авсан” гэсэн байна.
Д.Кёкүшюзанбатбаяр нь Н.Болормаатай бүлэглэн: Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэрийдлээр 2009-2010 оны хооронд 2,884,640,900 төгрөгийг юанаар, хонг конг доллароор, мөнгөөр гэхчлэн гурав цувуулан авчээ.
Н.Болормаа шүүхэд энэ тухай мэдүүлэхдээ “Вү даргаас дандаа бэлэн мөнгө авдаг байсан. Энэ мөнгөний тал нь Вү Сэн Чиангийнх, тал нь бусад кампанийнх” гэжээ.
Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндоржтой бүлэглэн: “Гашуунсухайтаас-Ганц мод боомт чиглэлд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү туузан дамжуулгын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх” гэж хуурч 2011 оны гуравдугаар сараас долдугаар сар хүртэл 13,916,193,284 төгрөг авсан байна.
Өөрийн эхнэр Т.Баясгалантай бүлэглэн: урлаг, спорт, улстөрийн нэр хүндээ ашиглан Монгол Улсын дархан цаазат газарт хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан авч өөр зорилгоор ашигласан гэх хэргүүдийн хохирлыг мөнгө байгаа юм.
Бидний 2020 онд хүргэж байсан БАРИМТ: Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ хэмээх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.