Б.Солонгоо: 108 тусгай дугаарт ирэх үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой дуудлага 40 хувиар нэмэгдсэн
ГБХНХ-ын дэд сайд Б.Солонго цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай яаман дээр долоон хуулийн төсөл боловсруулагдаж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд бид анхаарч ажилладаг. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал дээр тус хуулийн хэрэгжилтийн асуудал яригдана. 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Улмаар сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр холбогдох яам, байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарч, сургалтын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй.
Сүүлийн таван жилийн хугацаанд 108 тусгай дугаарт ирж байгаа үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл 40 хувиар нэмэгдсэн байна. Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын бодлого бодитой хэрэгжихэд эцэг эх, асран хамгаалагчийн хамтын оролцоо илүү хэрэгтэй байна” гэв.