БАЯН-ӨЛГИЙ: “Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026” тэмцээн зохион байгууллаа

69aff0860d490

Эх сурвалж: Montsame.mn

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг угтан Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026” тэмцээнийг энэ сарын 9, 10-нд зохион байгууллаа.

Тэмцээнд 17 байгууллагын 690 гаруй тамирчин оролцож, 148 багц медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн нь алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг дээшлүүлэх, хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортоор дамжуулан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.

Спортын цогцолбор тэмцээн волейбол, сагсан бөмбөг, шатар, даам, E-sport, масс рестлинг гэсэн төрлүүдээр явагдаж, оролцогчид авхаалж самбаа, ур чадвар, багийн уялдаа холбоогоо харуулан өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр, тэргүүн байрыг хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн цэргийн 0165 дугаар анги, дэд байрыг дэд хурандаа Б.Сүхбаатар захирагчтай Хилийн цэргийн 0285 дугаар ангигутгаар байрыг хурандаа Х.Золжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, тусгай байрыг хурандаа Ш.Уртнасан захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тус тус эзэллээ.

Жил бүр уламжлал болгон Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулдаг тус тэмцээн нь цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болохыг оролцогчид, зохион байгуулагчид онцолж байна. Энэ жилийн тэмцээнд өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс илүү олон тамирчин оролцож, насны хувьд залуужсан, өрсөлдөөн ихтэй болсноороо онцлог байлаа.

About Author