Ж.Золзаяа: Хүмүүс A, Б хувилбарыг үзчихээд шантардаг, харин би А-гаас Я хүртэл нь үздэг
Эх сурвалж: Zuv.mn
“Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирал Ж.Золзаяатай ярилцлаа.
-Та үзэгчдэдээ өөрийгөө танилцуулаач
-Намайг Ж.Золзаяа гэдэг. Энэ салбарт сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байна. Өмнө нь найман жил маркетингийн салбарт ажилласан. Нийтдээ 18 жил бизнес болон мэдээллийн технологийн салбарт ажилласан.
-Таны бага нас хэрхэн өнгөрч байв. Би том болоод ийм хүн болно доо гэж бодож байсан төсөөлөл бий юу?
-Хүмүүсийн ярьж байгаагаар би их шартай. Нэг зүйлийг барьж авах юм бол дуустал нь явдаг зантай. Аливаа зүйлийг зорих юм бол заавал ард нь гардаг. Би хэзээ ч ангийн дарга байгаагүй. Гэхдээ ангийн дарга шиг бүх зүйлийг зохион байгуулдаг байсан. Ер нь яг энэ л замналаараа олон нийтийн ажил хийгээд өнөөдрийг хүрсэн байна.
-Таны амьдралыг өөрчилсөн хамгийн том, зоригтой шийдвэр чинь юу байсан бэ?
-Би хэзээ ч өөрийгөө төрд ажиллана гэж бодож байгаагүй. Би хөрөнгө оруулагч болоод мини шарк гэдэг ч юм уу тийм байдлаар өөрийнхөө ирээдүйн карьерыг төлөвлөсөн байсан. Гэнэтийн байдлаар IT паркийн захирлаар ажиллах санал ирсэн. Би энэ шийдвэрийг гаргах гэж 2-3 сар болсон. Энэ бол миний гаргасан хамгийн том шийдвэр.
-Манай улсад эмэгтэйчүүдэд тавих шаардлага илүү өндөр байдаг шүү дээ. Төрд ч бай хувийн хэвшилд ч бай эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн шаардлагууд их байдаг. Үүнийг нь дагаад шантрах, бууж өгмөөр санагдах асуудлууд олон гарч байсан байх. Одоо өнөөдөр эргээд тэдгээр өдрүүдээ харахад хэцүү өдрүүдээ хэрхэн даван туулж байсан бэ? Тийм өдрүүд хэр олон байв?
-Аливаа өөрчлөлт болгон өвдөлтийг дагуулдаг. Тухайн өөрчлөлтийг маш зоригтойгоор хийх нь өвдөлттэй ч гэсэн давж гарсны дараа хамгийн том аз жаргалыг өгдөг. Байгаагүй зүйлийг бий болгох чинь асар том сорилт, бэрхшээлүүдийг бий болгодог. Тэр дунд чинь шантарна, өвдөнө, хувийн асуудлууд гарна. Тэдгээр асуудлыг би хувь хүний хувьд яаж даван туулдаг вэ гэхээр ганцаараа байж, их боддог. Нэг талдаа би маш өөдрөг хүн. Аливаа зүйлийг эерэгээр хүлээж авахыг хичээдэг.
Хүмүүс эхний A B C D хувилбарыг үзчихээд шантардаг байхгүй юу. Би харин А-Я хүртэл нь үздэг. Шантархаараа нэг алхам ухраад, өөртөө анализ хийдэг. Тэгж ухарсны үр дүнд дараа нь өөрийгөө зоригжуулдаг. Үүнийг заавал хийх ёстой. Энэ бүгдийн цаана баг хамт олон бүхэл бүтэн салбар чинь байгаа гээд эргүүлээд урам зориг авдаг. Би бүх зүйл дээр жижиг жижиг алхамаар явсан. Хэзээ ч аймар том үсрэлт хийж тэнгэрт гараагүй. Тэнгэрээс унах чинь хурдан шүү дээ. Тиймээс сууриа сайн тавьж, алхам алхмаар тууштай явах нь чухал гэдгийг ойлгосон.
Тууштай хариуцлагатай байдал маш чухал. Өөрчлөлт авчрах гэж байгаа л бол зоригтой шийдвэр гаргах ёстой.
-Шантрах үед таныг хамгийн их дэмжиж байсан хүн чинь хэн бэ?
-Мэдээж гэр бүл аав ээж маш их дэмждэг. Манай аав ээж хоёр намайг бага байхаас эхлээд надад юу хийхийг маань хэзээ ч зааж байгаагүй. Миний охин хүссэн зүйлээ хий. Ард чинь асаалтай танк шиг байж байна. Манай аав ээж хоёр америкт сүүлийн 12 жил амьдарч байгаа. Би 20 гаран настайгаасаа хойш аав ээжээсээ тусдаа дүүгээ өсгөж хүмүүжүүлээд, их дээд сургуульд оруулаад, аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болоод явсан.
Бие даагаад амьдрахад аав ээжийн минь суурь хүмүүжил, итгэл үнэмшил зориг өгч байгаа байдал нь бол надад хамгийн их урам зориг өгдөг.
-Та өөртөө хэр хатуу ханддаг вэ?
-Өөртөө хатуу ханддаг үе байсан. Нас явахын хэрээр өөрийгөө хайрлах ёстой юм байна гэдгийг саяхнаас ойлгож эхэлсэн. Азийн шинжлэх ухааны паркын хурал дээр л би өөрийгөө анхаарахгүй хаячихдаг юм шиг байгаа юм. Тайландад зохиогдсон тус хурал дээр би бүр хөдөлж чадахаа болиод эх орондоо ирэхдээ нэг ч алхаж чадахгүй тэргэнцэртэй түрүүлж ирсэн. Ирээд л шууд түргэнээр эмнэлэгт хэвтсэн.
Үүнээс өөртөө хатуу хандаж болохгүй гэдгийг их ойлгосон.
-Бага байх үеийнхээ Ж.Золзаяад хандаж зөвлөгөө өг гэвэл юу гэж зөвлөх байсан бэ?
-Эхлээд мэргэжлээ зөв сонгоод, өөрийгөө хайрлаж, аливаа зүйлд тайван тогтуун байгаасай гэж зөвлөх байсан. Би жоохон байхад их хурдтай байсан. Ямар сайндаа намайг “Хурдан хөлт” гэж хочилдог байсан. Тийм болохоор өөртөө тайван байгаарай бүх зүйл болно гэдэг зөвлөгөөг өгмөөр байна.
-Хүмүүс таныг харахдаа их зоригтой гэж хардаг юм билээ. Магадгүй Өргөө кино театр болон IT парк хоёрын дунд үүссэн маргаанаас тэгж тодорхойлох болсон байх. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Би ер нь их шударга хүн. Шударга бус зүйлтэй ерөөсөө санал нийлдэггүй. Гуравдугаар сарын 08-нд ажилдаа ороод дөрөвдүгээр сараас эхэлж шүгэл үлээсэн. Тухайн үед надад маш их айдас байсан. Өөрийгөө зоригжуулж олон нийтэд шүгэл үлээсэн ч гэсэн дээ аюулгүй байдлаас эхлээд бүх л зүйл дээр өдөр болгон айдастай байсан. Олон нийтийн өмнө зоригтой харагдаж байгаа ч гэсэн үүний цаана асар их зүйлийг даван туулж байсан”
https://www.facebook.com/reel/820271414437523