Хотын дарга Х.Нямбаатар Франц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа

69b911fb0e1ea02d0ac503f0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Франц улсын “Veolia” группийн Азийн бүсийн Бизнес стратеги, түншлэлийн захирал Дороте Ленес, Бизнес хөгжлийн захирал Шахин Бутуилатай уулзлаа.

Уулзалтаар хотын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг шинэчлэх чиглэлээр Францын техникийн туслалцааны санхүүгийн хэрэгсэл болох FASEP хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот 1.8 сая хүн амтай бөгөөд үүний 60 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Орон сууцнаас гарч буй бохирыг төв цэвэрлэх байгууламжид боловсруулдаг ч лагийг бүрэн боловсруулах хүчин чадал дутмаг хэвээр байна. Өнөөдрийн байдлаар цэвэрлээгүй лагийг голын орчимд хатааж, газарт булж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд Улаанбаатар хотод лаг боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага үүсээд буй” гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн тус төслийг хэрэгжүүлэхэд “Veolia” групптэй хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа.

Харин “Veolia” группийн төлөөлөгчид 2015 онд Хонг Конг хоттой хамтран хэрэгжүүлсэн лаг боловсруулах үйлдвэрийн туршлагаа танилцуулсан юм. Тус үйлдвэр нь лагийг дулааны болон шаталтын аргаар боловсруулдаг бөгөөд өдөрт 2000 тонн лаг боловсруулах хүчин чадалтай, дэлхийн томоохон төслүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Түүнчлэн “Veolia” групп ус хангамж, ариутгах татуургын салбарт хуримтлуулсан туршлагаа Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд дулааны системийг шинэчлэх ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Талууд цаашид уулзалтууд зохион байгуулж, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author