У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай

70c2436c629a4700b6c59b6a79a42262

Эх сурвалж: 24tsag.mn

Өвөл, хаврын морин уралдааны талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас тодруулга мэдээлэл авлаа.

Тэрээр: “Бидний хувьд хаврын морин уралдааны асуудлыг эргэж харах шаардлагатай байна. Миний бие намрын чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Өнөөдөр гишүүд цуглан хэлэлцэж буй гол асуудлуудын нэг нь морин уралдаан байна.

2019 оны Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор өвөл, хаврын морин уралдааныг хориглосон. Гэвч хөдөө орон нутагт бидэнд мэдэгдэхгүйгээр олон уралдаан зохион байгуулагдаж байгаа нь нууц биш. Аливаа зүйлийг хориглох нь 100 хувийн шийдэл биш. Асуудал байгаа бол бид шийдлийг нь олох ёстой.

Тиймээс энэ чуулганы хүрээнд хаврын морин уралдааныг илүү боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 2026 оны эхнээс Хөвсгөл, Архангай аймагт өвөл, хаврын уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.

Иймд бид үүнийг бүрэн хориглох уу, эсвэл зохистой шийдэл олж цааш үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх шаардлагатай. Шууд хориглохоос илүү зөв зохицуулалт хийж, шинийн 15-ны дотор улс даяар нэгдсэн зохион байгуулалттайгаар, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, бэлтгэсэн зам талбайд уралдаан зохион байгуулах боломжтой гэж үзэж байна.

Миний хувьд УИХ дээр ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлан тодорхой шийдэл гаргахаар төлөвлөж байна. Монгол орны уудам нутагт амьдарч буй малчид, хөдөө орон нутгийн залуучууд морин спортоос хэзээ ч холдохгүй. Засгийн газрын тогтоолоор хориглолоо гээд өвөл, хаврын морин уралдаан бүрэн зогсохгүй” гэв.

About Author