Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

50732553067147a8995175021ae415b6

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар өнөөдөр (2026.03.24) зочид төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г. Тэмүүлэн, Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ үед дээд, өндөр түвшний харилцан ойлголцол бэхжиж, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай орчин бүрдсэнийг онцоллоо.

Түүнчлэн хүний эрх, ардчиллыг үнэт зүйлээ болгон хөгжүүлсэн энэхүү харилцааг бүх салбарт өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх болно. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан. Уг төсөл нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, хагас зуун жилийн хамтын ажиллагааны билэгдэл болно гэдэгт итгэлтэй байна. Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжид Улсын Их Хурал, ард түмний өмнөөс талархал илэрхийлье гэв.

Мөн Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийг 2025 оны 4 дүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж эхэлсэн талаар тус бүлгийн дарга Б.Мөнхсоёл товч танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улс сонгуулийн хууль тогтоомждоо эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвх зүтгэл гаргаж, бүс нутгийн хэмжээнд ахиц үзүүлснийг, 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан хэвээр байх болно хэмээв. 

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас хоёр орны дипломат харилцааны түүхэн ойн мөчид хийж буй айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбар дахь бүтээн байгуулалт, төслийн явцын талаар мэдээлэл солилцлоо. 

Талууд уулзалтаар 25 жилийн хугацаанд таван үе шаттай, тасралтгүй хэрэгжиж байгаа зүрх судасны эрүүл мэндийн төслийн талаар онцлон хэлэлцлээ. Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны даргын айлчлал үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author