А.Амундра: Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна

amundra-1

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-аас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан гэх баримтыг шалгуулахаар АТГ-д хандсан. Үүнтэй зэрэгцэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Б.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийн бага хурал зарлаж ээрч, муурч баримтгүй хэд хэдэн тайлбар хийсэн.

Бодь группээс зөвлөх үйлчилгээний төлбөрт 11 тэрбум төгрөг авсан гэгдээд байгаа ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа А.Амундраг өнгөрсөн оны 10 дугаар сард Монголоос гарч зугтаасан гэсэн юм.  Дээрх мэдэгдлүүдийн дараа  “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

“Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ.

Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясгалан захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай, урам хугармаар нүүрийг харсан. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй шүү. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” гэв.

About Author