Ж.Энхбаяр: Бид Аи 92 түлш дээр тогтворжуулалт авсан, гол эрсдэл нь дизелийн түлшний үнэ
Эх сурвалж: ZUV.MN
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Ж.Энхбаяр сайд ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Бид Аи92 шатахууны үнэ дээр тогтворжуулалт авсан. Гэхдээ үнийн өсөлт гурван сар тогтвортой өсөх нь тодорхой болсон тохиолдолд авч үзэх заалттай. Харин дизелийн түлш дээр тогтворжуулалт авч чадаагзүй. Сингапурын биржийн үнээр тогтож байгаа. Тиймээс дизелийн түлш дээр анхаарах шаардлагатай гэсэн мэдээллийг өглөө. Хаврын тариалалтад дизель түлш хэрэглэгддэг, тариалалтаас хүнсний хангамж шалтгаалдаг тул энэ асуудал онцгой чухал болохыг Ж.Энхбаяр сайд онцолж, Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж АИ-92 шатахуунаас бусад шатахуун, дизелийн үнэ нэмэгдэхээр байгаа. Гэхдээ эдийн засагт шок үүсгэхгүй нөөц дээрээ тулгуурлан ойролцоогоор 300 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байна” гэлээ.
Өнөөдөр Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тэрбээр мөн дуулгасан.
Мөн дотоодын эв нэгдлээ хангаж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг онцлов.
Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.